Өнөөдөр дэлхийн кино театрын өдөр

               
2022-12-28 0

ил бүрийн 12 сарын 28-нд “Дэлхийн кино театрын өдөр” тохиодог. Яагаад энэ өдрийг сонгох болсон нь 1895 оны энэ өдөр Луй болон Август Люмьер нар /Louis and Auguste Lumiere/ Cinematographe-ыг өөрсдийн нэр дээр патентлаж авсан бөгөөд тус өдрөө хамгийн анх удаа худалдааны зорилготой киног гаргаж байжээ. Анхны кино үзвэр нь 20 минут үргэлжлэх 10-н тусдаа, богино үйл явдлыг харуулж байсан байна.

Түүнээс өмнө 1877 онд Чарлес Эмили Рейнауд /Charles Emile Reynaud/ гэгч хүнхэр толийг ашиглан өгөгдсөн урт зургуудыг уртаар нь урсган хөдөлгөх Praxinoscope гэсэн төхөөрөмжийг зохион бүтээж байжээ.

1888 онд Томас Эдисон /Thomas Edison/ өөрийн лабораторийн, гэрэл зураг сонирохдог Уйлям К.Л. Диксонд /William Kennedy Laurie Dickson/ дууг, хөдөлгөөнт дүрстэй холбох кино проекторын анхны хэлбэр Kinetoscope-ыг зохион бүтээх даалгавар өгсөн. Хэдийгээр тэд тодорхой хэмжээнд дэлгэцэнд дүрсийг хөдөлгөх анхны болхи Кинотескопыг бүтээж, 1893 онд Хар Мария /Black Maria/ нэртэй дэлхийн анхны кино тоглуулах тайзыг ч хийж чадсан байна. Гэвч тэдний өрсөлдөгчдийн бүтээл бүдүүлэг Кинотескопоос хамаагүй дэвшилттэй байсан тул Эдисон, Томас Арматын /Thomas Armat/ проекторыг авч Эдисоны хамгийн сүүлийн үеийн гайхамшиг Витаскоп /Vitascope/ хэмээн танилцуулж байжээ.

Үүний дараа Польш гаралтай зохион бүтээгч Казимиерз Просжински /Kazimierz Prószyński/ Плеограф /Pleograph/ нэртэй камер болон проектороо танилцуулсан.

Гэвч хамгийн анх ах, дүү Люмьерууд Парисын Салон Индиен ду Гранд Кафед /Salon Indien du Grand Café in Paris/ анх удаа олон нийтэд төлбөртэйгээр хөдөлгөөнт зургийг үзүүлсэн. Тэд тус бүр 50 орчим секунд үргэлжлэх, хоорондоо хамаарал үгүй 10 богино хэмжээний дүрсийг танилцуулсан. Тиймээс л энэ өдөр анх киног олон нийтэд үзүүлсэн өдөр тул “Дэлхийн кино театрын өдөр” болон тэмдэглэгддэг байна.

Тэртээх 1895 онд Парисын Капучины өргөн чөлөөнд анх удаа хүмүүс мөнгө төлөн богино кинонуудыг үзэж байсан бол өнөөдөр кино театрын өдрийг кинонд хайртай үзэгчдээс эхлээд, кинотой холбоотой ажил, бизнес эрхлэгчид, киноны уран бүтээлчид гээд бүгд тэмдэглэдэг.

Эхлээд дуугүй байгаад дараа нь дуутай болж, хар цагаанаас өнгөт болж, 35 мм-ийн хальнаас 70 мм-ийн хальстай болж, дуу нь моно байснаа стерео болж, одоо цагт компьютер графикийн ачаар хэний ч санаанд оромгүй гайхамшгуудыг ч бидэнд харуулж чадах болсон кино урлаг өнөөдөр ч хөгжсөөр байна.

Анхны бүрэн хэмжээний киног 1903 онд Эдисон фильмд бүтээгдсэн “Галт тэрэгний агуу дээрэм” /The Great Train Robbery/ киног гэж үздэг бол, анхны дуутай киног 1927 оны Варнер Броссын бүтээл Аль Жонсоны гол дүрд нь тоглосон “Жазз дуучин”/The Jazz Singer/ хэмээн үздэг.

Кино урлаг анх Монголд 20-р зууны эхэнд буюу 1910-аад оны үед орж ирсэн гэх бөгөөд, 1913 онд Монгол улсын гүн Намнансүрэн нь Оросоос кинонууд авчиран Богд Хааны өргөөнд гаргаж байжээ.

Харин 1921 он буюу хувьсгалын дараа Монголд гадаадын бэлэн кино болон кино гаргах төхөөрөмжүүд орж ирсэн ба киноны мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэж байжээ. Тэр үед Монголчууд киног “Сүүдэр ший” гэдэг байсан ба ард түмэнд үнэгvй үзүүлдэг байжээ.

1930 онд анхны кино театр “Ард” үүдээ нээсэн бөгөөд сүүлд 1965 онд шинэ байрандаа орсон. 1935 онд Яамдын Зөвлөлийн шийдвэрээр Оросын тусламжтайгаар “Монгол Кино” компани үүсгэн байгуулагджээ. 1936 онд Зөвлөлтийн тусалцаагаар анхны кино “Монгол Хүү” дэлгэцэнд гарч, 1938 онд “Монгол Кино” анхны бие даасан кино болох “Норжмоогийн Зам”, 1939 онд “Чоно” кинонуудыг гаргажээ.

В.И.Ленин “Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг” гэж хэлсэн бол Анжигай нь та нартаа “Киног кино театрт л үзвэл илүү таашаалтай шүү” гэж хэлэе.

Холбоотой мэдээ