
Жил бүрийн 1-р сарын 2-ыг дэлхийн интроверт хүмүүсийн өдөр болгон тэмдэглэдэг. Өдрийг 2011 оноос сэтгэл судлаач Фелиситас Хейнегийн уриалгаар The Myers-Briggs Company санхүүжүүлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд интроверт буюу дотогш хандлагатай хүмүүсийн тухай олж мэдэцгээе.
1. Швейцарын сэтгэл судлаач Карл Янг 1921 онд “сэтгэл зүйн төрлүүд” нэртэй номондоо хамгийн анх хүний зан төлөвийн онцлог шинжүүдээр нь интроверт, экстроверт /амбиверт/ хэмээн ангилсан нэршлийг дэвшүүлж, интровертүүдийг Грекийн бурхан Аполлотой зүйрлэсэн. 2011 оноос интровертийг дотор нь нийгмийн, бодох дуртай, санаа зовсон, хязгаарлагдмал гэсэн 4 төрөлд хуваадаг болсон. Экстроверт хүмүүс гол төлөв гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертүүд зожиг, дотогш чиглэсэн зан үйлийн хэв маягтай байх нь илүү.
2. 2019 онд дэлхий даяар хийсэн MBTI® /Myers Briggs Type Indicator/ судалгаагаар дэлхийн хүн амын талаас илүү буюу 56,8% нь интроверт буюу дотогш хандлагатай гэж гарчээ. Тэгвэл интровертүүд ямар хүмүүс вэ? Сониуч, маш ажигч, дараа нь үйлдэл хийдэг, өөрийн сонирхолд тулгуурлан хөгжим, хувцас, хоббигоо сонгодог, цөөн чанартай найзуудтай, бужигнасан олны дунд бус харин хүн багатай тайван орчинд байх дуртай хүмүүс аж.
3. Америк зэрэг барууны капиталист орнууд экстроверт байхыг шаардаж, багаас нь хүүхдийг олны өмнө гаргаж, нүүр хагалах, багаар ажиллахыг сургаж, тухайн нийгэмд хэрэгтэй, дасан зохицож ажиллах чадвартай хүмүүсийг бэлтгэдэг. Харин дорно дахины соёл өөрөө интроверт хандлагатай байдаг нь шашнаас шалтгаалсан “бясалгагч” дотогш чиглэсэн шинжтэй учраас соёл хүмүүжилд өөрийгөө илэрхийлэх талаар нэг их анхаардаггүй.
4. Меланхолик эсвэл флегматик темпераменттай хүмүүс интроверт байх хандлагатай байхад сангивиник болон холерик темпераменттай хүмүүс экстраверт хэв шинжтэй байх нь бий. Гэхдээ темперамент бол өөрчлөгддөггүй, хүнийг эхийн хэвлийд байхад тодорхойлогддог хүчин зүйл бол талаас та экстраверт байх уу, эсвэл интроверт байх уу гэдгээ өөрөө шийдэж болдог. Хэрэв өөрийнхөө шинжийг олохыг хүсвэл эрч, хүчээр дутагдсан үедээ гол төлөв хэрхэн эрч хүчээ сэлбэдэг вэ? гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв гадны нөлөө буюу бусад хүмүүстэй хамт байхыг илүүд үздэг бол та экстроверт, харин ном унших, кино үзэх, бясалгах гэх мэт ганцаар байхыг сонговол интроверт байх магадлалтай.
5. Экстраверт, интроверт аль нэгийг илүүд үзэхээсээ илүү энэ хоёр хэв маяг нь арга, билиг хоёр шиг ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талтай. Тухайлбал, интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх зэрэг чадвараараа давуу байхад экстравертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон. Түүнчлэн экстраверт, интроверт шинжийг тэнцүү агуулсан амбивалент хэв маягтай хүмүүс ч бий. Интровертүүд бол бодогч, гүйцэтгэгч нар байдаг бол экстравертууд “харилцааны” хүмүүс байдаг
Дотогшоо хандлагатай хүмүүсийн дэлхийн өдөр
Эх сурвалж: Хашир Анжигай


0 cэтгэгдэлтэй