
Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал 100, хоёр тунг тариулаад 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь өвдөх магадлалтайг ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбүрэн тэмдэглэлээ.
Өмнө халдвар аваад эдгэсэн хүн омикрон хувилбараар дахин өвдөх боломжтой. Харин вакцины гурван тун тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдаж, эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Шинж тэмдэг илрээгүй ч вирусний халдвартай хүний хувьд оношлогдсоноос хойш таван хоногийн дотор халдварыг хамгийн их тараах боломжтой. Шинж тэмдэг илэрсэн хүний хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эхний 3 хоногт хамгийн их халдварлуулах магадлалтай. Энэ үед өөрийгөө гэрийн нөхцөлд тусгаарлан, амны хаалтаа сайн зүүж, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.
Хүйтний улиралд томуугийн 3-4 төрлийн вирус намраас хойш нэлээн урт хугацаанд иргэд дунд халдварлаж байна. Улирлын томуу, коронагаас гадна томуугийн AH3N2 вирус оны эцсээр их халдварлалаа. ХӨСҮТ-өөс хүүхдүүдийг томуугийн вакцин тарьсан тул харьцангуй гайгүй байгааг гавьяат эмч А.Амбасэлмаа дурдсан юм.

0 cэтгэгдэлтэй