
ОХУ-ын Анагаах ухаан, биологийн агентлагийн ахлах мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Владимир Никифоров “Коронавирусын халдвар ирэх зун дуусна” гэж таамаглаж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал “Омикрон омог гарч ирснээр Ковид-19 цар тахлын төгсгөх шинж тэмдэг байж магадгүй” хэмээн үзэж буй ажээ.
Түүний ингэж үзэх болсон шалтгаан нь омикрон хувилбарын өвчлөлийн нөхцөл байдал аж. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүний тоо өсөөд байгаа боловч эмнэлэгт ачаалал маш ихээр нэмэгдэхгүй байгаа нь иргэд гэрээр, хөнгөн шинж тэмдэгтэй эдгэрч байгаагийнх гэж тэрээр тайлбарлав. Улмаар хүн амын зарим хэсэг нь омикрон хувилбарыг шинж тэмдэггүйгээр халдварлах бөгөөд яваандаа үүнийг анзаарах ч үгүй болно гэжээ. Улирлын чанартай өвчлөл болж тогтох магадлал өндөр хэмээжээ.
Монголын Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын эхээр мэдэгдлийнхээ үеэр “Омикрон харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна. Дельта хувилбар нь уушги руу орж, илүү их хүндэрдэг байсан бол омикрон хувилбар амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст хэлбэртэй илүү төстэй байна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Ковид-19 халдварын дараагийн хувилбар нь “омикрон”-оос илүү хүнд шинж тэмдэгтэй байж болзошгүйг анхааруулсаар буй юм.

0 cэтгэгдэлтэй