
Энэ хичээлийн жилээс нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болсон билээ. Тэгвэл энэ шийдвэр нь улсын хэмжээнд өргөжиж эхэлжээ. Тодруулбал, Эрдэнэт хотын 10 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж туршихаар болсон байна. Уг туршилт удахгүй эхлэх бөгөөд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ тухай мэдээллийг түгээжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Ерөнхий сайд Эрдэнэтэд ажиллах үеэрээ салбарын сайдад уг шийдлийг уламжилснаар ийнхүү ажил хэрэг болоход бэлэн болжээ.
Эрдэнэт хотод цэцэрлэгийн ээлжийн багш ажиллаж эхэлснээр үндсэн багш нарын ачаалал өдөрт 10 цаг байсан нь 2 дахин буурна. Улмаар гэр бүлийн болон хувийн цаг хугацаа нь нэмэгдэнэ. Мөн цэцэрлэгүүд нь 8 цагаар биш 12 цагаар ажиллаж эхлэх бөгөөд хүүхдээ 4-5 цагийн хооронд цэцэрлэгээс авах гэж эцэг эхчүүд сэтгэл зовох, яарах шаардлааггүй болно. Энгийн ажлын цаг дууссанаас хойно ч хүүхдээ очоод авах нөхцөл бүрдэх ажээ.

0 cэтгэгдэлтэй