
2022.01.17 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

2022.01.17 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив. Дараа нь Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

2022.01.17 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

2022.01.17 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье” дөрөв дэх хэлэлцүүлгийг “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгууллаа.
2022.01.18 Инновац, цахим бодлогын байнгын хороо 2020-2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Монгол Улсын Их Хурал хууль тогтоох дээд түвшиндээ анх удаа Инновац, цахим бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог өнгөрөгч 2020 онд байгууллаа. Монгол Улс цахим шилжилт хийж, төрийн үйлчилгээгээ цахимжуулж эхлэхтэй зэрэгцэн хууль, эрх зүйн дэд бүтцийг бий болгох шаардлага тулгарсан бөгөөд Инновац, цахим бодлогын байнгын хороо нэг жилийн хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлуулсан юм.


2022.01.18 УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжив. Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталлаа. Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.

2022.01.19 Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2022.01.21 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж буйг мэдээллээ.


1 сэтгэгдэлтэй
toim