ЭМЯ: Төрөх болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангийн нөхцөл байдлыг үнэлэв

               
2022-01-25 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамны удирдлага, мэргэжилтнүүд салбарын ААН буюу Өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, улсын эмнэлгүүдээр ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг судалж ажиллажээ. Тухайлбал, Хан-Уул, Баянгол, Налайх, Багахангай, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн ӨЭМТ-үүд болон эмийн сангууд, “Эх нярайн, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” болон “Өргөө” амаржих газарт ажиллажээ.

Өрхийн эмнэлгээс ор зохицуулах багт 20-30 хүн илгээдэг

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь өдөрт Ковид-19 халдвартай 30-50 иргэнийг эрэмбэлэн тусламж үйлчилгээ үзүүлж, насанд хүрэгчдийн болон хүүхдийн эмийн багцыг олгож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын 35% нь  коронавирусийн халдвар авсны улмаас  хүний нөөцийн дутагдалтай байгааг энэ үеэр хэлж байв.

Сүхбаатар дүүргийн Ачит гар, Тэгш мэнд,  Энэр-Ази, Амгалан-Өрх, Энх титэм,

Сонгинохайрхан дүүргийн Баянбигэр, Цэцэгхайрхан,

Хан-Уул дүүргийн Чанд авиа,

Баянзүрх дүүргийн Өнөр энх мэнд, Энх-Агшин, Оч манал,

Налайх дүүргийн Ачлал, Мөнх Суварга,

Баянгол дүүргийн Усан түрүү, Учрахуй, Мөнх-Үжин зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвд 2-4 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Ажлын өдрүүдэд ЭМ-ийн Сайдын тушаалаар 2-3 резидент эмч дайчлагдан ажиллаж ачааллыг хуваалцаж байна. ӨЭМТ тус бүр ор зохицуулах багт 7 хоногт 20-30 хүнийг илгээдэг. Орны хүлээгдэл дундажаар 2 хоног байгаа тухай өрхийн эмч нар ярьж байлаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж үйлчилгээ,  Ковидын хариу арга хэмжээний тасралтгүй байдлыг ханган ажиллах, өвчтөний эрэмбэлэн ангилалт,  дархлаажуулалтын үйл ажиллагаанд анхаарч ажиллах чиглэлийг өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өглөө.

Зарим ӨЭМТ-ийн өдрийн үзлэгийн дийлэнх хувийг Ковид-19 халдвараар өвчилсөн болон түргэвчилсэн оношлуураар халдвар авсан эсэхээ оношлуулахаар ирсэн иргэд, бага насны хүүхдийн үзлэг зонхилж байна. Онош батлагдсан иргэн бүрт эмчилгээний багцийг нас, өвчний байдлаас хамааран олгож байна. Ковид-н халдвартай  жирэмсэнд багцаа шууд өгөөд эмнэлэгт хэвтүүлэхээр ор зохицуулах багт бүртгүүлдэг боловч ор 1-2 хоногийн хүлээгдэлтэй, эмч ажилчид  халдвар авсны улмаас  хүний нөөцийн дутагдалтай байгаа, дайчлагдан ажиллаж резидент эмчийн тоог нэмэх талаар ярилаа.

Эмийн сангуудад эмийн нөөц харилцан адилгүй байна

Эмийн сангуудаар худалдаалагдаж буй /КОВИД-19/ болон томуу, томуу төст өвчний үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд үнэлгээ хийж ажиллав.

Вирусийн эсрэг эм, халуун бууруулах эм, цэр ховхлох эм, гуурсан хоолойн агчил тавиулах эм, амин дэм, эрдэс бодис, шингэн нөхөх, хордлого тайлах эм, нянгийн эсрэг эм, антигистамин, эмнэлгийн хэрэгсэл (утлагын аппарат, гар ариутгагч, хэл дарагч, халуун хэмжигч) эрэлт ихтэй буйг энэ үеэр эмийн сангийн жор баригчид хэлж байлаа.

Эмийн нөөц эмийн сангуудад харилцан адилгүй байжээ. Эмийн сангийн зүгээс эрүүл мэндийн даатгалаар авдаг эмийн нэр төрлүүдийг нэмэгдүүлэх, иргэд эмчид үзүүлэхгүйгээр жоргүй антибиотик авахаар ирдэг зэрэг асуудал тулгамдаж буйг хэлж байв.

Төрөх эмнэлгүүдэд Ковид-19 халдвартай жирэмсэн болон төрсөн эх, нярай олон байна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭТҮГ-н дарга Ж.Нарангэрэл нар “Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”,  “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн улаан бүсэд ажиллалаа.

Энэ үеэр эмнэлгүүдийн Ковид-19 халдвартай  жирэмсэн, төрсөн эх, нярайд үзүүлж буй тусламж үйлчилгээний байдалтай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн, төрсөн ээжүүдийн санал хүсэлтийг сонсож, эмнэлгийн удирдлагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах,  эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмчлүүлэгчдийн хоолны чанарт анхаарч ажиллах чиглэл өгөв.

“Эх нярайн, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-д  коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 27.8 хувь нь хүүхэд, 31.4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байв. Харин “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт  260 халдвартай эх тус тус хэвтэн эмчлүүлж байна. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус эмнэлгийн 41,  АШУҮИС -ийн 10, нийт 51 резидент эмч нар коронавируст халдварын тусламж үйлчилгээнд хуваарийн дагуу  ажиллаж байна.

Холбоотой мэдээ