Товчхон
               

Монголын дугуйчид олон улсын уралдаанд оролцоно

               
2022-01-25 0

Монголын дугуйчид Олимпийн эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйчдын холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон.

Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид Олимпод оролцох болж чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ.

Иймд манай дугуйчид “Парис-2024” Олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна.

Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлсэн байна. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт байгаа. Харин олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс зэрэг 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” багт байгаа. Манай улсын дугуйчид улирлын эхний тэмцээн АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцохоор энэ сарын 25-нд эх орноосоо мордох гэж байна. Монголын дугуйчдын эхний улирлын зорилго нь гуравдугаар сарын 25-29-нд Таджикстаны Душанбе хотод болох Азийн аваргад амжилттай оролцох явдал юм.

Холбоотой мэдээ