Товчхон
               

Ж.Бат-Эрдэнэ: Эртхэн гаалийн бүрдүүлэлтээ хийхийг уриалж байна

               
2022-01-25 0

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш нийт 767 чингэлэг улсын хилээр орж ирснийг мэдээллээ. Эдгээр чингэлгийг 587 тээврийн хэрэгслээр оруулж ирсэн байна. Мөн улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг төрлөөр нь ангилан үзвэл барилгын материал зонхилж байгаа юм.

Тодруулбал, нийт бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь барилгын материал байна. Мөн гэр ахуйн бараа, хүнс, сэлбэг хэрэгсэл, төмөр хийц зэрэг ачаа бараа улсын хилээр орж иржээ.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор гаалийн цэг 08:00-00:00 цаг хүртэл ажиллаж байна. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл ачаа хүлээн авч байгаа хүмүүс ерөнхийдөө сийрэг байдаг. Харин 17:00 цагаас эхлээд ачаалал ихээхэн нэмэгдэж байна. Иймд эртхэн гаалийн бүрдүүлэлтээ хийхийг уриалж байна. Учир нь гаалийн хяналтын талбай, түгээлтийн талбай нь тодорхой хязгаартай. Гаалийн хяналтын талбай нь 40 тоннын 80 чингэлэг, түгээлтийн талбай нь 40 тоннын 40 чингэлэг багтаах боломжтой. Тиймээс талбайн зохион байгуулалт, гаалийн үйл ажиллагаа, түгээлтийг хооронд нь уялдуулах шаардлагатай байна” хэмээв.

Холбоотой мэдээ