
Галт уулын дэлбэрэлт, цунамигийн гамшигт нэрвэгдээд буй Тонга улс руу тусламжийн ачаа тээвэрлэж явсан Австралийн тэнгисийн хөлөгт коронавирусийн халдвар тархсан байна.
Австралиас гарсан HMAS Adelaide хөлгийн бие бүрэлдэхүүнээс 23 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Тонга бол коронавирусийн цар тахалд нэрвэгдээгүй үлдсэн дэлхийн цөөхөн улсуудын нэг юм. Хэрвээ гаднын тусламжтай цуг вирус тарвал байгалийн гамшгаас гадна цар тахлын гамшиг нүүрлэх аюултай тулгарч байгаа аж. 105,000 хүн амтай тус улсад өнгөрсөн оны аравдугаар сард халдварын анхны бөгөөд цорын ганц тохиолдол бүртгэгдэж байжээ.
Австралийн батлан хамгаалах яамны мэдээлснээр тусламжийн ачаатай хөлөг онгоц Лхагва гарагт Тонгад хүрэх юм байна. Тусламжийн ачааг хүлээлгэж өгөх ажиллагааг Тонгагийн ард иргэдэд эрсдэл учруулахгүйгээр зохион байгуулахаа Австралийн батлан хамгаалахын сайд Питер Даттон амлажээ.
Өмнө нь тусламжийн ачаа тээвэрлэсэн Австралийн нисэх онгоцны багийн гишүүдээс халдварын тохиолдол илрэхэд замаас нь буцааж байжээ.Харин далайгаар тээвэрлэсэн энэ удаагийн ачаа нь их хэмжээтэй, бас Тонгагийн талд чухал хэрэгцээтэй байгаа тул буцаагаагүй байна.

0 cэтгэгдэлтэй