Товчхон
               

Л.Пүрэвсүрэн: Цөмийн зэвсгийг хураах хэлэлцээг эхлүүлэх шаардлагатай

               
2022-01-26 0

Зэвсэг хураах бага хурлын энэ оны чуулга нэгдүгээр сарын 25-ны өдөр Женев хотноо эхэллээ. Тус хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяна Валовая чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Өдгөө үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг намжаахад олон талт хамтын ажиллагаа болон дипломат ажиллагаа нэн чухал” болохыг онцоллоо. Түүнчлэн ЗХБХ-ын өмнө тавигдаж буй үндсэн асуудлуудыг урагшлуулахын тулд уг хурлын гишүүдийг үр бүтээлч байдлаар яриа хэлцээнд оролцохыг уриалсан юм.

Монгол Улс энэ онд ЗХБХ-ын “21-ийн бүлэг”-ийн зохицуулагчаар ажиллаж буй бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус бүлгийг төлөөлж хэлсэн үгэндээ  зэвсэг хураах болон үл дэлгэрүүлэх чиглэлд олон талт дипломат ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэлээ.

Мөн зэвсэг хураах асуудлаарх олон талт хэлэлцээний цорын ганц талбар болох ЗХБХ-ын үүрэг, үйл ажиллагааг бэхжүүлэх замаар ач холбогдлыг нь хадгалахын чухлыг онцлов. Түүнчлэн ЗХБХ-ын үндсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, цөмийн зэвсгийг хураах хэлэлцээг эхлүүлэх зэргээр бодит ажлыг сэргээх шаардлагатай байгааг тэмдэглэв.

ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулагдсан ба Зэвсэг хураах арван-үндэстний хороо (1960), арван наймын хороо (1962-1968), Зэвсэг хураах Хорооны бага хурал (1969-1978) зэрэг бусад чуулганыг залгамжлан байгуулагдсан юм.

ЗХБХ болон түүний өмнөх байгууллагууд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх гол гол гэрээ хэлэлцээрийг хэлэлцэж байгуулсан бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц, Химийн зэвсгийг хориглох тухай конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ зэргийг дурдаж болно. Гагцхүү сүүлийн 25 жилийн хугацаанд ЗХБХ нь гишүүн улсуудын байр суурийн зөрүүтэй байдлаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширч, зарим талаар гэрээ хэлэлцээрийн төсөл хэлэлцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ