Өвлийн олимпод оролцох тамирчид хувцсаа гардан авлаа

               
2022-01-27 0

“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдад олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг Монголын багийн ахлагч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх авчээ. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулав. Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан юм. Монголын олимпын баг ирэх даваа гарагт Бээжинг зорино.

 “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин ОУХМ Ариунсанаагийн Энхтуулын хувьд 1996 оны 01 сарын 14-нд төрсөн. Тэрбээр Васалофит олон улсын марафон уралдаанаас 2015, 2016 онд мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал 4 дүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд 4 дүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ийн зайд 4 дүгээр байр эзэлсэн амжилт үзүүлжээ.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ний тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлсэн юм байна.

Холбоотой мэдээ