
Талибууд болон барууны орнуудын төлөөлөгчдийн хооронд долоо хоног үргэлжилсэн хэлэлцээ Осло хотноо өндөрлөжээ.
“Талибан”-ы төлөөлөгчид хэлэлцээний үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэл хийлгүй Норвеги улсыг орхисон байна. Хэлэлцээнд Францын Гадаад хэргийн дэд сайд Бертран Лотолари, Их Британийн дипломатч Найжел Кейси, Норвегиййн гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч нар оролцжээ. Норвеги улс мөн лхагва гарагт Нью-Йорк хотод болсон Афганистаны асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг даргалсан байна.
“Талибан” хөдөлгөөний хувьд хэлэлцээний гол зорилго нь тус хөдөлгөөнд авсан хориг арга хэмжээг цуцлуулах, банк, санхүүгийн системийн хямралын улмаас хүмүүнлэгийн хямрал үргэлжилж буй Афганистанд үзүүлэх тусламжийг сэргээх явдал байв гэж хэвлэлүүд тэмдэглэжээ. Хэлэлцээний үеэр “Талибан”-ы төлөөлөгчид Афганистанд 10 тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.
Өрнөдийн орнуудын төлөөлөгчид Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагуудын жагсаалтыг талибуудад өгчээ. Тухайлбал, охид, хөвгүүдийг сургуульд сурч боловсрох тэгш боломжоор хангах, Афганистанд хүний эрхийн байдлыг сайжруулахыг шаарджээ. Үүний зэрэгцээ барууны орнуудын төлөөлөгчид “Талибан”-ыг хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрөх боломжийг үгүйсгэсэн байна.

0 cэтгэгдэлтэй