Киргиз, Тажикистан улсууд хилийн мөргөлдөөнөө зогсооно

               
2022-01-28 0

Киргиз, Тажикистан улсуудын төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрч, хилийн мөргөлдөөн болсон газраас нэмэлт хүчээ татахаар боллоо.

Энэ тухай Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн албанаас “Талууд гал бүрэн зогсоож, хилийн бүсээс цэрэг, зэвсгээ татах, Баткен-Исфана авто зам дагуух хөдөлгөөнийг нээх, хуулийн дагуу эргүүл хийх, дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Киргиз, Тажикистаны хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд хил орчмын бүс нутагт хамтарсан эргүүл хийх талаар тохиролцлоо” хэмээн мэдээлжээ.

Хэлэлцээнд Киргизийн Баткен муж, Тажикистаны Согд мужийн захирагч нар, мөн хоёр улсын хилийн алба, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Пүрэв гарагт Киргиз, Тажикистаны хилчдийн хооронд буудалцаан болсон байна. Киргизийн хилийн албанаас мэдээлснээр, Тажикистаны цэргүүд гранат, мина харвагч ашиглажээ. Киргизийн Исфана, Баткен хотыг холбосон замыг Тажикийн цэргүүд хаасан нь мөргөлдөөн эхлэх шалтгаан болсон байна.

Киргиз, Тажикистаны хил нь үе үе нутгийн оршин суугчид болон хилийн цэргүүдийн хоорондох мөргөлдөөний бүс болдог. Хоёр улсын 970 км урт хилийн шугамын бараг тал нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс нарийн тогтоогдоогүй үлдсэн нь сүүлийн 30 орчим жилийн турш маргаан зөрчлийн үндэс болсоор иржээ.

Холбоотой мэдээ