
Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас нэгдүгээр сарын 27-ны оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болжээ.
Тодруулбал, тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссон аж. Улмаар хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дулааны сүлжээний даралт маш богино хугацаанд ажлын даралтнаас хоёр дахин өссөн учир зарим газар нь гэмтэл гарсан хэмээн албаны зүгээс тайлбар хийсэн.
Уг гэмтлийг засварлахаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад ажиллаж эхэлжээ. Нийслэлийн хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр 03:50 цагт гагнуур дуусаж, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ийнхүү ойролцоогоор таван цагийн дараагаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж үзжээ.
Амгалан ДС-ын гарах халууны хэмийг 07:00 цаг гэхэд 100 хэмд хүргэх даалгаврыг албаны зүгээс өгсөн байна. Мөн 2Г магистралийн “Кино үйлдвэр”-ийн салаа Ф200мм-ийн шугамын гэмтлээс шалтгаалж Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун ус болон халаалт хязгаарлагдсан гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас мэдэгджээ.

0 cэтгэгдэлтэй