Товчхон
               

Халдварын дэгдэлт орон нутаг руу шилжих хандлагатай байна

               
2022-01-28 0

Өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хийсэн мэдэгдэлдээ “Бид коронавирусийн илрүүлгийг PCR  болон түргэвчилсэн тестээр хийж байгаа. Түргэвчилсэн тестээр сөрөг гарах тохиолдлууд байна. Учир нь зөвхөн Омикрон хувилбараас гадна томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа есөн төрлийн вирус орчилд байна. Энэ бүх вирусийн шинж тэмдэг нь ижил байгаа юм.

Ялангуяа Омикроны халдвар нь томуугийн халдвартай адил амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэгтэй адилаар голчлон илэрч байгаа. Түргэвчилсэн тестээр нэн түрүүнд эерэг оношийг мэдэх нь чухал ч бид PCR шинжилгээгээр баталгаажуулсан сорьцуудыг мэдээлж байгаа. Коронавирусийн халдварын зэрэгцээ томуу, томуу төст өвчний дэгдэлт холилдож байгаа учраас эерэг, сөрөг гарах тохиолдлууд олон байна” гэв.

Орны зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл “Аймаг орон нутагт 5,500 орчим, нийслэлийн хэмжээнд 4,300 орыг дэлгээд ажиллаж байна.  Гэхдээ дээр нь ор нэмж дэлгэх нөхцөлийг дандаа хамт уялдуулж тооцдог. Бид өдөрт батлагдах тоо болон орны хүлээгдэлтэй харьцуулж орыг нэмж дэлгэдэг. Тухайлбал, эмнэлэгт хүнд болон нэн хүнд оноштойгоор хэвтэх өвчтөний тоо нэмэгдвэл орыг нэн яаралтай нэмж дэглэх хэрэгтэй гэж үздэг. Нийслэлийн орны хүртээмж, хүлээлгийн тоо одоогоор харьцангуй тогтвортой байна.

Халдвар авсан хүүхэд болон жирэмсэн эмэгтэйг хүлээгдэлгүйгээр эмнэлэгт хэвтүүлж байгаа бол бусад тохиолдолд 1-2 хоногийн хүлээгдэл байгааг хэлье. Гэхдээ нэн хүнд буюу амь тэмцсэн өвчтөнийг мэдээж бид тийм удаан хүлээлгэхгүй, яаралтайгаар хуваарилж, эмнэлэгт хэвтүүлж буй.

Харин нэг хоног хүлээх боломжтой байгаад нь хяналт тавьж байгаад эмнэлэгт хэвтүүлж байгаа. Цар тахлын дэгдэлтийн байдал нийслэлээс орон нутаг руу шилжих хандлагатай байна. Иймд бид орон нутгийн орны зохион байгуулалтыг аймаг бүрээр нь хийж, нэмж ор дэлгэнэ. Ингэхдээ өдөрт батлагдах халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэх өвчтөн болон хүнд өвчтөний тоог харгалзаж, шат дараатайгаар дэлгэнэ гэдгийг хэлье” гэлээ.

Холбоотой мэдээ