Товчхон
               

Нийслэлд өдөрт дунджаар 550 тонн орчим гялгар уут хаягдаж байна

               
2022-01-28 0

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гялгар уутыг анх 1960 онд Шведийн инженер Стен Густап Тулин зохион бүтээж байжээ. Улмаар 1970 оны үед гялгар уут нь дэлхий нийтийн салшгүй хэрэглээ болсон. Харин 1990 онд байгальд ээлгүй, хор хөнөөл ихтэй гэдгийг нь тогтоосноор зарим улс орнуудад хориг тогтоосон байдаг. 

Гялгар уут нь бидний амьдралын салшгүй нэг хэрэглээ хэдий ч үүний хор хөнөөлийг бид төдийлөн сайн мэддэггүй. Тухайлбал гэдэсний савханцар, сальмонеллез, стафилококк зэрэг нян дамжих үндсэн суурь болдог бөгөөд гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.

Мөн уутыг шатаах үед их хэмжээний хар тугалга ялгардаг байна. Энэ нь хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэдийн судалгаагаар батласан байдаг. Хар тугалга нь 0-5 насны хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт илүү их нөлөөлдөг. Учир нь энэ насандаа хүүхдүүд орчиноо илүү сайн танин мэдэхэд суралцаж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа тогтоодог.

Монгол улсын БОАЖЯ-аас гялгар уутыг дахин боловсруулах боломжгүй, шууд хог болон хаягддаг гэх үндэслэлээр 2009 оны зургадугаар сарын нэгний өдөр “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль батласан. Гэвч уг хууль үр дүнтэй хэрэгжилгүй явсаар 2012 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцогдсон байдаг.

2018 оны зургадугаар сарын 20-нд “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” хуулийг батласан. Нэг удаагийн нийлэг хальсан уут гэдэг нь 0.035 мм болон түүнээс нимгэн уутыг хэлдэг.

Дэлхий дахинд секунд тутам 160 мянган гялгар уут хэрэглэгдэж байгаа бол зөвхөн 1-3 хувь нь дахин боловсруулагдаж байна. Тиймээс бага худалдан авалт хийж, дахин хэрэглэ. 

Гялгар уутнууд дундаас хамгийн нимгэн нь гэхэд 0.025 мм байдаг. Гэсэн ч тэдгээр нь байгальд шингэхдээ хамгийн багадаа 100-500 жилийн хугацааг зарцуулдаг. 

Монгол улсын үндэсний статистикийн хорооны мэдээлснээр монгол эрэгтэй хүний дундаж наслалт 65, харин эмэгтэй хүний дундаж наслалт 75 гэсэн байдаг. Хоёрхон оронтой тоогоор хэмжигдэж байгаа энэ богинохон наслалтаас бидний бүтээсэн гялгар уут илүү урт наслаж байгаа нь даанч харамсалтай юм. Тэгвэл бид болон бидний хойч үе гялгар ууттай хамт өсч торнисоор байх нь.

World economic forum-д нэг хүн дунджаар 12 минут гялгар уут ашигладаг гэж мэдээлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд өдөртөө л 550 тонн орчим гялгар уут хаядаг байна. Тодорхойлбол нэг хүнд жилд дунджаар 150 гялгар уут ноогддог гэсэн үг. 

Гялгар уутны асуудал хурцадсаар аль хэдийн дэлхийн нийт гялгар уутны хэмжээ энэ гараг дээр амьдарч байгаа 7 тэрбум 592 мянга орчим хүний тооноос хол давчихаад байна. 

2017 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лаборатори манай улсын хүнсэнд хэрэглэж байгаа гялгар уутнуудад химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авч шинжилгээ хийхэд бичил биетийн тоо байж болох хэмжээнээс тав дахин их байгаа нь илэрчээ. Нийлэг уутыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүнсний зориулалтаар үйлдвэрлэдэг ч халуун болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийхгүй байхыг анхааруулдаг талаар Unuudr.mn болон News.mn сайтуудад тус тус мэдээлсэн байдаг. 

World resources institute буюу Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн мэдээлснээр 127 орчим улсуудад гялгар уутны хэрэглээг хориглосон гэв. Мөн тус мэдээлэлд гялгар уут яагаад өдийг хүртэл асуудал болсоор байгаа шалтгааныг дурдсан байлаа.  Үүнд: ихэнх улс орон өдийг хүртэл гялгар уутны асуудлыг шийдэж чадаагүй байгаа, гялгар уутны хоригийг улс орнууд хэсэгчлэн тогтоодог, бараг ямар ч улс орон гялгар уутны үйлдвэрлэлээ зогсоогоогүй, зарим үед гялгар уутны хоригоос чөлөөлөлт хийдэг, нэг удаагийн уутыг орлуулах өөр бүтээгдэхүүнд анхаардаггүй зэргийг дурдсан байна. 

Улс орнууд эхнээсээ хориг тогтоогоод байгаа ч гялгар уут нь одоог хүртэл байгаль болон хүний эрүүл мэндэд том асуудал болсон хэвээр байна. Гялгар уут нь амархан урагддаг мөн тийм ч сайн даацтай байдаггүй. Энэ нь таны урт удаан хугацааны хэрэглээнд тохиромжгүй. Тиймээс хүн бүр өөрийн үүргээ ухамсарлаж байгальд ээлтэй, хэрэглээнд удаан ашиглагдах даавуун торыг хэрэглэх нь хамгийн зөв сонголт болоод байна.

 Та даавуун тороо өөрийн хүссэн өнгө, загвараар гэртээ гар аргаар хийх боломжтой төдийгүй угааж, олон жилийн турш ашиглаж болох давуу талтай.

Холбоотой мэдээ