Товчхон
               

Казахстаны ерөнхийлөгч тус улсад олон улсын шалгалт оруулахыг эсэргүүцэв

               
2022-01-30 0

Энэ сарын эхээр Казахстанд болсон үйл явдлын мөрөөр олон улсын шалгалт оруулахаас татгалзаж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр мэдэгджээ.

220 гаруй хүний амь үрэгдсэн үймээн самуунаас хойш Токаев анх удаа телевизийн ярилцлагад оролцохдоо Казахстанд болсон үйл явдлыг террористуудын халдлага байсныг дахин баталсан байна.

“Казахстанд олон улсын мөрдлөг шалгалт оруулах шаардлагагүй гэж би үзэж байна. Манайд өөрийн шударга, чадвартай хүмүүс бий” гэж Токаев төрийн өмчийн Хабар сувгаар ярихдаа хэлжээ.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Европын Парламент “Казахстаны ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргийг олон улсын түвшинд шалгуулахыг шаардах” агуулга бүхий тогтоолыг олонхын саналаар баталсан юм.

Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл сүүлдээ хүчирхийлэл, цуст мөргөлдөөн болж өргөжиж байв.

Токаев тухайн үед Алматы хотод 20,000 террорист халдлага үйлдсэнийг зарлаад анхааруулалгүйгээр гал нээх тушаалыг хууль хүчний байгууллагууддаа өгч байлаа. Бас ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын энхийг сахиулагчдыг нутаг дэвсгэртээ урьж байв.

Казахстанд байдал тогтворжсоны дараа Токаев өмнөх ерөнхийлөгч Назарбаев болон түүний ойрын хүмүүсийг өндөр албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

1991 оноос хойш бараг 30 орчим жил Казахстаныг удирдсан Нурсултан Назарбаев одоогоор гурван өндөр албан тушаалаас чөлөөлөгдөөд байна.

Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 28-нд түүнийг эрх баригч Нур-Отан намын даргын суудлаас буулгаж, Токаев залгамжилсан юм.

Одоо Назарбаев зөвхөн улс үндэстний удирдагч буюу элбасы хэмээх цолтой үлдээд байна.

Холбоотой мэдээ