
Америкийн рэппер Кэни Уэст энэ оны гуравдугаар сард Австралид аялан тоглолтоо зохион байгуулах гэж байгаа тухай саяхан тус улсын томоохон хэвлэл мэдээлсэн юм.
Тэгвэл өчигдөр буюу Бямба гарагт Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаагүй бол хилээрээ нэвтрүүлэхгүйг Уэстэд анхааруулжээ.
“Манай улсад ирэх бол хууль дүрмийн дагуу вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх шаардлагатай. Энэ дүрэм хэн гэдгээс нь үл хамаараад бүгдэд үйлчлэх ёстой. Үүнийгээ ч бид саяхан батлан харуулсан. Дүрмийг дагавал ирж болно. Дагахгүй бол битгий ирээрэй” гэж Моррисон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө дэлхийн теннисний од Новак Жокович вакцинжуулалтад хамрагдаагүй байсны улмаас Australia Open тэмцээнд оролцож чадалгүй буцсан юм.
Кэни Уэст вакцинжуулалтад хамрагдсан эсэх нь одоогоор ил болоогүй байна.
Тэрбээр 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч 60,000 хүрэхгүй сонгогчийн санал авч байв.
Австрали улсад сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн Омикрон хувилбар тарсны улмаас халдварын нийт батлагдсан тохиолдол нь 2 саяыг даваад байгаа.
Омикрон тархахаас өмнө тус улсад 400,000 орчим тохиолдол бүртгэгдээд байжээ.
Баасан гарагт Австралид коронавирусийн халдварын улмаас 98 хүн нас барсан нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Бямба гарагт энэ тоо 97 болсон байна.

0 cэтгэгдэлтэй