Товчхон
               

Саудын Арабад нийтийн тээврийн хэрэгслээр зөвхөн вакцин хийлгэсэн иргэд зорчино

               
2022-01-31 0

Хоёрдугаар сарын 1-нээс Саудын Арабын иргэд нийтийн тээврийн бүх хэрэгсэл, таксигаар үйлчлүүлэхийн тулд вакцины тунг бүрэн хийлгэх шаардлагатай болж байна. 

Энэ тухай тус улсын Тээврийн ерөнхий газраас мэдэгдсэнийг Саудын Арабын Хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлэв.

“2022 оны хоёрдугаар сарын 1-ний мягмар гаргаас бүүстер тунгийн вакцинжуулалт болон Эрүүл мэндийн яамны тусгай аппликейшн болох “Tawakkalna”-д бүртгэлтэй “дархлаажуулалтын статус” Саудын Арабын газар, далай, төмөр замын тээврийн хэрэгслийг ашиглах урьдчилсан нөхцөл болно. Вакцинжуулалтаас чөлөөлөгдсөн иргэд үүнд хамаарахгүй” гэж мэдэгдэлд дурджээ.

Эрх баригчдын энэхүү шийдвэр нь галт тэрэг, такси, түрээсийн автомашин, аппликейшнээр дамжуулан такси захиалах, мөн хот доторх болон хот хоорондын автобус, гатлага онгоцоор зорчиход хамаатай байна. Үүнээс гадна, вакцин хийлгээгүй эсвэл вакцины тунг бүрэн хийлгээгүй хүмүүсийг Тээврийн ерөнхий газрын төв байр, тээврийн компаниуд, автомашин түрээслэх цэгүүд, тээвэрлэгчдийн оффис руу нэвтрэхийг хоригложээ.

Тээврийн салбарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тус газраас тайлбарлав. Мөн энэ нь хүн амын дархлааны түвшинг нэмэгдүүлэх, вирусний тархалт, ялангуяа түүний мутацид орсон хувилбаруудтай тэмцэхэд тусална гэж үзэж байна.

Агаарын тээврийн хувьд зөвхөн вакцин хийлгэсэн зорчигчдод үйлчлэх журам Саудын Арабад 2021 оны ёсдүгээр сарын 1-нээс хойш хэрэгжиж байгаа юм.

Тус улсын 35 орчим сая хүн амынх нь 68 хувь нь буюу 23.7 сая нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол 7.5 сая буюу 21.12 хувь нь гурав дахь тунг тариулжээ. Харин коронавирусний вакцины эхний тунд 25.5 сая хүн (71.5 хувь) хамрагдсан байна. Нэгдүгээр сарын дундуур Саудын Арабад цар тахал дэгдсэнээс хойш хамгийн олон буюу 5 мянга гаруй  тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн оны  11 дүгээр сард энэ тоо өдөрт 20-30 байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээс Саудын Арабын эрх баригчид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журмыг дахин хэрэгжүүлж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ