Мьянмарт онц байдлыг сунгажээ

               
2022-02-01 0

Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч буйг угтан тус улсын цэргийнхэн улсын хэмжээнд зарласан онц байдлыг дахин зургаан сараар сунгаж буйгаа төрийн мэдлийн телевизээр дамжуулан мэдэгджээ.

Үндсэн хуульд зааснаар эрх баригчид одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээг дахин зургаан сараар сунгах боломжтой бөгөөд ийнхүү сунгаснаар тус улсад онц байдлын дэглэм хоёр жил дамнан үргэлжлэх юм.

Цэргийн төлөөлөгчид 2023 оны наймдугаар сард сонгууль явуулахаар төлөвлөж байгаа тул онц байдлыг сунгах нь сонгуульд бэлдэх, эрх мэдлээ бэхжүүлэх арга замыг судлах цагийг тэдэнд олгож байна.

Цэргийнхэн төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийн тууштай эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн юм. Тухайлбал, улсын хамгийн том хот болох Янгонд цэргийн болон цагдаагийн газрууд үе үе халдлагад өртдөг бөгөөд үүний ард ардчиллыг дэмжигч хүчнүүд байгаа гэж үздэг байна.

Мөн идэвхтнүүд цэргийн эргэлт гарсны нэг жилийн ойгоор “чимээгүй эсэргүүцэл” хийхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор цэргийнхэн, иргэдийн хоорондын хурцадмал байдал өсөн нэмэгдэж байна.

Идэвхтнүүдийн зүгээс ард иргэдэд хандан нэг өдөр ажил хаяж, гэртээ байхыг уриалж байгаа бол эрх баригчид ийм төрлийн эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хэн бүхэнд хуулийн хариуцлага ногдуулахаа анхааруулжээ.

АНУ-ын Засгийн газар мөн даваа гарагт Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой долоон хувь хүн, хоёр аж ахуй нэгжид хориг арга хэмжээ авсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэлдээ, “цэргийн эргэлт гарснаас хойш Мьянмарын ард иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэж буйгаа тууштай илэрхийлж, ардчиллыг эргүүлэн цогцлоохыг уриалсаар ирсэн” гэдгийг онцолжээ.

Мөн АНУ хүний эрхийн зөрчлийг арилгаж, зүй бусаар баривчлагдсан хүмүүсийг суллан хүч хэрэглэхээ зогсоох шахалтыг цэргийнхэнд үзүүлэх чиглэлд олон улсын түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ