
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны тавдугаар сарын хоёрдугаар хагаст Японд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай “Yomiuri” сонин мэдээлжээ.
Засгийн газар дахь тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, талууд энэхүү айлчлалын товыг хэдийнэ хэлэлцэж эхэлсэн байна. Ж.Байдены айлчлал Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний орнуудын (Япон, АНУ, Энэтхэг, Австрали) удирдагчдын уулзалтад зориулагдана гэдгийг онцолжээ. Энэхүү уулзалтыг Японд зохион байгуулах гэж байгааг тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио урьд нь мэдэгдсэн билээ.
“Yomiuri” сонинд мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр мөн БНСУ-д айлчлахаар төлөвлөж байна. Ж.Байдены Японд хийх айлчлал нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг авснаас хойших анхны, Америкийн удирдагчийн тус улсад 2019 оны тавдугаар сараас хойш хийсэн анхны айлчлал болно.
“Quad” буюу Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний бүлгийг Австрали, Энэтхэг, АНУ болон Япон улс 2007 онд Ази-Номхон далайн болон Энэтхэгийн далайн бүсийн хамтын ажиллагааны механизмын хувиар байгуулжээ.

0 cэтгэгдэлтэй