Канадын Ерөнхий сайдын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ

               
2022-02-01 0

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарсан талаар даваа гарагт мэдэгджээ. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд ажил үүргээ зайнаас үргэлжлүүлэн гүйцэтгэх ажээ.

Ж.Трюдо өнгөрсөн долоо хоногт хүүхдийнхээ шинжилгээний хариуг эерэг гарснаас хойш тусгаарлагдаж байсан ба тухайн үед өгсөн түргэвчилсэн шинжилгээний хариугаа сөрөг гарсан талаар “Canadian Press” сонинд мэдээлээд байсан юм.

“Өнөө өглөө “COVID-19”-ийн шинжилгээний хариу маань эерэг гарлаа. Одоогоор биеийн байдал сайн байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын дүрэм журмыг баримтлан зайнаас ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж Ерөнхий сайд “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Ингэснээр тэрбээр өвлийн завсарлагын дараа эхэлж буй парламентын хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болжээ.

Өдгөө 50 настай Ж.Трюдо цар тахал дэгдэж эхлэх үед буюу 2020 оны гуравдугаар сард эхнэр Софигийнхоо “COVID-19”-ийн шинжилгээний хариуг эерэг гарсны дараа мөн хоёр долоо хоног тусгаарлагдаж байсан юм. Үүнээс гадна сүүлийн саруудад Гадаад хэргийн сайд Мелани Жоли тэргүүтэй хэд хэдэн сайд коронавирусний халдвар авчээ.

Урьд нь Өрнөдийн орнуудын удирдагчдаас АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар 2020 онд “COVID-19”-өөр халдварлаж эдгэрсэн юм. 

Холбоотой мэдээ