
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмждэг улс төрийн хороод зургаан сарын дотор 50 сая гаруй ам.долларын сайн дурын хандив цуглуулсан байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч асны хэвлэлийн алба мэдээлжээ.
2021 оны долоодугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны хооронд Д.Трампыг дэмждэг улс төрийн хороодын дансанд нийтдээ 51 сая гаруй ам.долларын 1.6 сая гаруй хандив ирсэн байна. Хандивын дундаж хэмжээ 31 ам.доллар байсан ба 98.6 хувь нь 200 ам.доллароос бага байжээ. Одоогийн байдлаар улс төрийн хороодын дансанд нийтдээ 122 сая гаруй ам.доллар байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч асны хэвлэлийн албаны төлөөлөгч Тейлор Будовичийн хэлснээр, цугласан хандивыг энэ оны 11 дүгээр сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах намын кампанит ажлыг санхүүжүүлэхэд, түүнчлэн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулна. Д.Трамп ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаад оролцох эсэх талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгөөгүй ч “түүний манлайлал урьд өмнөхөөсөө илүү чухал” гэж тэмдэглэжээ. Өмнө нь Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд оролцохтой холбоотой шийдвэрээ Конгрессын завсрын сонгуулийн дараа зарлахаар төлөвөлж байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль 2022 оны 11 дүгээр сард болж, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын 34 гишүүнийг сонгох юм. Одоогийн байдлаар Ардчилсан намынхан Конгрессын доод танхимд олонхын суудал эзэлж байгаа бол Сенатын танхимд хоёр нам тус бүр 50 суудал эзэлж байна. Д.Трамп өмнө нь 2022 оны сонгуульд Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоож, Ардчилсан намынхан, тэр дундаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден улс төрийн уналтад орно гэх байр суурийг илэрхийлжээ.

0 cэтгэгдэлтэй