Т.Бах: “Бээжин-2022” дэлхийн хэмжээнд өвлийн спортын шинэ эринийг нээж байна

               
2022-02-01 0

БНХАУ “Бээжин-2022” өвлийн Олимпыг угтан 300 сая хүнийг өвлийн спортод татан оролцуулах үүрэг амлалтаа биелүүлсэн хүчин чармайлт нь дэлхийн хэмжээнд өвлийн спортын шинэ эринийг нээж байна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах мэдэгджээ. 

Т.Бах “Бээжин-2022” Олимпын нээлтийн ёслолыг угтан “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлээд, “албан ёсны статистик мэдээллүүдэд туйлын сэтгэл хангалуун байгаагаа” мөн илэрхийлсэн байна. 

“Өвлийн спортод олон сая хүнийг татан оролцуулсан нь олон нааштай үр дүнг авчирна. Энэ бол Хятадын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө оруулж буй үнэтэй хувь нэмэр. Хүний бие махбод идэвхтэй байх тусам оюун санаа, бие эрүүлжинэ” гэдгийг тэрбээр онцолжээ. 

Мөн “Бээжин-2022” Олимпын наадам нь Хятадын ард түмэнд үндэсний хэмжээний өв хөрөнгө үлдээхийн сацуу олон улсын тавцанд, олон улсын Олимпын хөдөлгөөнд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа ОУОХ-ны тэргүүн илэрхийлжээ. 

“Энэ бүгд дэлхийн дахины өвлийн спорт дахь оролцоог шинэ шатанд гаргаж байгааг” Т.Бах цохон тэмдэглээд, энэ төрлийн спортоор хичээллэх бололцоо хүн бүрд, спортын төрлүүдээ түгээн дэлгэрүүлэх боломж Олон улсын холбоо бүрд, илүү олон шүтэн бишрэгчтэй болох бололцоо тамирчин бүрд бий гэдгийг тодотгон хэлсэн байна. 

“Энэхүү наадмын дараа маш олон хятад хүмүүсийн оролцоотойгоор өвлийн спортын өөр ертөнц бий болно. Энэ их амбицтай зорилгодоо хүрээд зогсохгүй давуулан биелүүлсэн Хятад улс болон Хятадын ард түмэнд миний бие баяр хүргэж байна” гэж Т.Бах нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ