Япон стратегийн нөөцөөсөө ЕХ-нд хий нийлүүлэх боломжийг судалж байна

               
2022-02-04 0

Украины эргэн тойронд байдал хурцадвал Японы Засгийн газар байгалийн хийн тодорхой хэсгийг стратегийн нөөцөөсөө ЕХ-нд нийлүүлэх боломжийг яг одоо хэлэлцэж байна гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Японы эрх баригчид тус улсад шингэрүүлсэн хийн стратегийн нөөц хязгаарлагдмал байгаа тул одоогийн нөхцөл байдалд санаа зовж байна.  Энэ өвөл огцом хүйтэрч болзошгүй байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байгаа бөгөөд Япон улс өөрийн хийн нөөцийг ашиглахаас өөр аргагүй болно. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид барууны бусад орнуудтай энэ асуудлаар үйл ажиллагаагаа зохицуулахаар төлөвлөж байна.

Украины эргэн тойронд байдал хурцадсан тохиолдолд Японы Засгийн газар Европ руу байгалийн хий нийлүүлэх боломжийг судалж үзэхэд бэлэн байна гэж тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи пүрэв гарагт мэдэгджээ. Ийм мэдэгдэл хийснээр тэрбээр АНУ болон Европын Холбооны эрх баригчид Азийн хэд хэдэн улс, тухайлбал Япон, БНСУ, Энэтхэгт хандаж, Украинд мөргөлдөөн болсон тохиолдолд Европт байгалийн хий нийлүүлэх хүсэлт гаргасан тухай “Bloomberg” агентлагийн мэдээнд тайлбар хийжээ.

“Bloomberg”-ийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Европ руу байгалийн хий нийлүүлэх асуудлаар Азийн орнуудаас гадна Ливи, Египет, Катар, Нигери улсуудтай хэлэлцээ хийхийг оролдож байгаа аж. Барууныхан ч энэ асуудлаар Хятадтай хэлэлцээ хийсэн ч хязгаарлагдмал байсан гэж тус агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна. 

Япон улс нь шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн хамгийн том импортлогч боловч тус улс энэ түүхий эдийг экспортолдоггүй байна.

Холбоотой мэдээ