
БНХАУ, ОХУ харилцан бие биеийн үндсэн ашиг сонирхол, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ гэдгээ дахин нотоллоо гэж хоёр орны удирдагчдын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчилж буй юм. Ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нар Бээжин хотноо уулзаж, өвлийн Олимпын XXIV наадмын нээлтийн ёслолд оролцсон юм.
Хоёр орон Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ өргөжилтийг эсэргүүцэж байгаа бөгөөд Хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээ орхиж, бусад орнуудын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хүндэтгэж, энх тайвнаар хөгжихөд нь чиглэсэн шударга, бодит хандлагыг баримтлахыг НАТО-д уриалсан байна.
БНХАУ, ОХУ нь Ази, Номхон далайн бүс нутагт тусгай бүлэг байгуулах, бүлгүүдийн хооронд сөргөлдөөн үүсгэх аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаа ба Энэтхэг-Номхон далайг чиглэсэн АНУ-ын стратегийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөлд ихэд анхаарал хандуулж байгааг мэдэгдэлд мөн дурджээ.
Мөн хоёр тал Ази, Номхон далайн бүс нутагт эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй хийгээд аливаа гуравдагч орны эсрэг чиглээгүй аюулгүй байдлын системийг цогцлоох үүрэг амлалт өгсний сацуу энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихийн төлөө хүчин чармайлт гаргасаар ирснийг онцолсон байна.
Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр, хоёр орон “AUKUS” буюу АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэл хийгээд стратегийн тогтвортой байдлыг хамарсан цөмийн шумбагч онгоцнуудын талбар дахь хамтын ажиллагаанд нь ихэд санаа зовниж байгаа ажээ. Мөн уг гэрээ нь Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай эсрэгцэж, бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх ноцтой эрсдэл учруулж байгааг дурдсан байна.
Иймд БНХАУ, ОХУ энэ төрлийн үйл ажиллагааг эрс зэмлэн буруушааж, “AUKUS”-ын оролцогчдод цөмийн болон пуужингийн зэвсэглэлийг үл дэлгэрүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах үүрэг амлалтаа чандлан биелүүлэхийг уриалжээ.
Мөн хоёр тал Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ нь зэвсэг хураах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын тогтолцооны тулгын чулуу болохын зэрэгцээ дэлхийн энх тайван, аюулгүй байдалд зайлшгүй үүрэг гүйцэтгэдэг дайны дараах олон улсын аюулгүй байдлын тогтолцооны чухал хэсэг болохыг дахин нотолжээ. Тийнхүү олон улсын хамтын нийгэмлэг гэрээний гурван тулгуурын тэнцвэрийг хадгалж, гэрээний найдвартай байдал, үр өгөөж, нийтлэг шинж чанарыг хамгаалахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй гэж үзсэн байна.

0 cэтгэгдэлтэй