Товчхон
               

“Газпром” болон “CNPC” Алс Дорнодоос байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулжээ

               
2022-02-07 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын “Газпром” компани Хятадын үндэсний газрын тосны корпорацтай (CNPC) “Алс Дорнодын” чиглэлээр 10 тэрбум шоо метр хий нийлүүлэх урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.

“Баримт бичигт гарын үсэг зурснаар Орос, Хятадын байгалийн хийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал алхам боллоо. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа ОХУ-аас Хятад улс руу нийлүүлэх хийн хэмжээ 10 тэрбум шоо метрээр нэмэгдэж, (“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор нийлүүлэх хэмжээг оруулаад) жилд нийтдээ 48 тэрбум шоо метрт хүрнэ” гэж “Газпром” компанийн мэдэгдэлд дурджээ.

“Оросын хийг Хятадад нийлүүлэх хоёр дахь гэрээнд гарын үсэг зурсан нь манай улс болоод компаниудын харилцан итгэлцэл, түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг гэрчилж байна” гэж тус компанийн тэргүүн Алексей Миллер цохон тэмдэглэсэн байна.

“Газпром”, “CNPC” 2015 онд “баруун” чиглэлээр буюу “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойгоор Баруун Сибирийн орд газраас Хятад руу хий нийлүүлэх үндсэн нөхцөлийн тухай гэрээ байгуулж, ОХУ-ын Алс Дорнодоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх төслийн тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

ОХУ-ын хий дамжуулах хоолой нь тус улсын зүүн хэсгийн хийн тээврийн хамгийн том систем болох “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжин Хятадад хүрдэг. “Сибирийн хүч-1” хоолойн экспортын хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метр юм. “Газпром” болон “CNPC” хооронд 2014 онд байгуулсан 30 жилийн гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сард Оросын байгалийн хийг “зүүн” чиглэлээр Хятадад нийлүүлж эхэлжээ. Энэхүү хий дамжуулах хоолой нь 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрэх төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын сүүлчээр “Газпром” компани “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссанаа мэдэгдсэн. Уг хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн үргэлжлэл болж, БНХАУ-д жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болно. Төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ