Товчхон
               

Төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийв

               
2022-01-31 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хуулийн төслийг энэ оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлээд буй юм. Засгийн газраас ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмэхээр төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж буй билээ. Тэтгэвэр нэмэх ажлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр зохион байгуулахаар төсөлд тусгасан байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийн зарлагыг бууруулах, үүнээс гарсан хөрөнгөөр Нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн тэтгэвэр зарцуулах эрхийг нэмэхээр төлөвлөжээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Тодруулбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгасан “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд “4,906.7” гэснийг  “4,809.6” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй гэсэн саналыг дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ