
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Дээрх хуулийн төслийг энэ оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлээд буй юм. Засгийн газраас ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмэхээр төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж буй билээ. Тэтгэвэр нэмэх ажлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр зохион байгуулахаар төсөлд тусгасан байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийн зарлагыг бууруулах, үүнээс гарсан хөрөнгөөр Нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн тэтгэвэр зарцуулах эрхийг нэмэхээр төлөвлөжээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнгөрсөн онд инфляцын түвшин 13 хувь давсан гэдгийг онцлов. Энэ жил шатахууны үнийн өсөлт, тэтгэврийн нэмэгдлийн улмаас инфляц өсөх хандлагатай байна. Иймд инфляцыг хуульд тусгасан 6.7 хувьд нь барихын төлөө ажиллахыг Засгийн газар болон холбогдох албаныханд анхаарууллаа. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

0 cэтгэгдэлтэй