Товчхон
               

Г.Занданшатар: Үнийн хөөрөгдөл гаргахгүй байх асуудалд бодлогын арга хэмжээ авах шаардлагатай

               
2022-01-31 0

УИХ-ын ээлжит бус чуулганаар ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр боловсруулсан Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг баталснаар өнөөдөр өндөрлөв. 

Хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулиудыг хэлэлцэн баталснаар, 465 мянган ахмад настны тэтгэвэр нэмэх шийдвэр гарч байна.

Халдварт цар тахал иргэдийн амьжиргаанд нөлөөлж, төр засгаас эхлээд иргэд хүртэл хэмнэх горимд шилжиж хязгаарлалтын дэглэмд ажиллаж байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийснээр энэхүү шийдвэр гарлаа. Энэ арга хэмжээнд 637 тэрбум төгрөг зарцуулна. Ингэхдээ, тэтгэврийг инфляцын тшвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлэх юм. Төсвийн байнгын хороо богино хугацаанд хуралдаж 315 тэрбум төгрөгийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар эх үүсвэр бүрдүүллээ.

Бүрэн тэтгэврийн доод дүн 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод дүн 400 мянган төгрөг болж байна. 

Энэ хууль маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр олгохоос өмнө гэж төлөвлөн шахуу хугацаанд амралтын өдрүүдээр хуралдаж хуулийг эцэслэн баталлаа. Сар шинийн өмнө азай буурлуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлаас үүдсэн үнийн өсөлтийн үед амьжиргаанд нь дэм болох шийдвэр гаргасанд таатай байна. Ерөнхийлөгч санаачилж, УИХ, Засгийн газар нэг зүгт харсан, нийтлэг эрмэлзлээр хүрч буй үр дүн. Тал бүрээс нухацтай хэлэлцсэн гишүүддээ талархлаа. Монголын төр ямар ч цаг үед азай буурал, ахмадынхаа ачийг мартаж болохгүй.

Ахмадууд бол уншиж дуусаагүй ном судар, ухаан эрдэм, туршлага, мэдлэгийн дуусашгүй далай юм. Монголын өрх айл, иргэн бүрийн жаргалтай амьдралын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан ачтанууд.

Ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьжиргааг нь дээшлүүлэх, амьдралын баталгааг хангах, тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээг цогцоор нь хангахад Монголын төр онцгой анхаарах болно.

Цаашид өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхгүй байх асуудалд Засгийн газар, ХХААХҮЯ-наас бодлогын арга хэмжээ авах шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэгч, бизнесменүүддээ хиймэл үнийг хөөрөгдөл гаргахгүй байхыг уриалж байна.

Үхэр жилийн босгон дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг Салхитын мөнгөний ордын эх үүсвэрээр тэглэж байсан бол Бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмж, ахмадуудынхаа нийгмийн баталгааг хангах ажлыг үргэлжлүүлж байна. Ахмадууддаа урт насалж, удаан жаргаж бие тэнхлүүн, ухаан цэлмэг байж, амьдрал үйлс, буян заяа нь өөдлөн дээдэлж байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Нийт ард түмэндээ сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе” хэмээв. 

Холбоотой мэдээ