Товчхон
               

Б.Чимидийн нэрэмжит шагналыг анх удаа судалгааны баг хүртлээ

               
2022-02-01 0

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах найм дахь удаагийн ёслол Төрийн ордон дахь хүндэтгэлийн өргөө гэрт өнөөдөр боллоо.

Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, Үндсэн хуулийг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын багт олгохоор шийдвэрлэжээ.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтзн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилготой Б.Чимидийн нэрэмжит шагналыг анх удаа судалгааны баг хүртлээ.

Тус судалгааны багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Пэлжидийн Амаржаргал, магистр Мигэддоржийн Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор Одонхүүгийн Мөнхсайхан, магистр Цэгмэдийн Даваадулам, профессор Том Гинсбург нар ажиллажээ.

Ийнхүү судалгааны багийн гишүүдэд УИХ-ын шагналыг хүртээж өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал гардууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулах үеэр хэлэхдээ, Б.Чимид агсан Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэхээр түүний нэрэмжит шагналыг УИХ-аас жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн болохыг дурдав. Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын багт олгохоор холбогдох журамд заасан байдаг бөгөөд 2022 оны энэ удаагийн шагналыг анх удаа баг хамт олонд хүртээхээр шийдвэрлэсэн болохыг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатараар ахлуулсан судалгааны багийн хамт олон нь 2013-2017 онд хоёр үе шаттайгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судалж бүтээлээ гаргажээ. Тус судалгааныхаа дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн 46 заалттай тайлан, дүгнэлт гаргасныг үндэслэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахад, улмаар хэлэлцэн батлахад онол, практикын чухал суурь болсныг үнэлэн энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

Судлаачдын багийн хамт олонд шагнал гардуулсны дараа судалгааны багийн ахлагч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Б.Чимид агсаны охин, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа нар үг хэлж, судалгааны багийн хамт олонд баяр хүргэв.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Ц.Сарантуяа нар тус тус хүртэж байсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ