
Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Францын Орлеон хотын төв эмнэлгийн эмч Жан Франсуа Виала, Бэртран Мюкенштарм, Лоран Брэт, хатагтай Сабин Рэно нарыг “Найрамдал” медалиар шагнав. Шагналыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-нд гардуулав.

Эдгээр эмч Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй 2000 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж жил бүр манай улсад ирж, үзлэг оношилгоо хийх, орчин үеийн анагаах ухааны шилдэг арга барилд эмч сувилагчдыг сургах, түүнчлэн монгол мэргэжил нэгтнүүдээ Францад хүлээн авч нарийн мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын уран зохиолын сор зохиолчдын шилмэл өгүүллэгийн түүврийг, орчин цагийн яруу найрагч, зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн уран бүтээлийг франц хэлээр орчуулан гаргах, францын утга зохиолын дээжээс монголын уншигчдад толилуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлж франц хэлний орчуулагч, хэлмэрч Рэнчиний Мөнхзул, үндэснийхээ түүх соёл, язгуур урлаг, зан заншил, монгол гар урлал, үндэсний үйлдвэрлэлээ Франц Улсад төдийгүй Европын олон оронд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн Франц дахь “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Баярсайханы Эрдэнэхуяг нарыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнасныг мөн гардуулав.

Элчин сайд У.Нямхүү арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын баярын мэндийг дэвшүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд хувь хүмүүсийн өөр өөрийн салбартаа оруулж буй хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглээд цаашдын ажил үйлс, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Сүрүн уригдан оролцож, Монгол Улсын төр, засаг хоёр орны иргэдийн олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг өндөр үнэлж буйд талархаж буйгаа илэрхийлэн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд мөн урт хугацааны хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа онцлов.

“Найрамдал” медалиар шагнуулсан франц эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгч болон мэргэжил нэгт монгол анд нөхөддөө талархаж буйгаа илэрхийлсэн бол, “Алтан гадас” одон хүртсэн Р.Мөнхзул, Б.Эрдэнэхуяг нар цаашид улам ихийг хийж бүтээх үүрэг хариуцлага хэмээн ойлгон хүлээн авч буй сэтгэгдлээ хуваалцав.


0 cэтгэгдэлтэй