Товчхон
               

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзав

               
2022-02-06 0

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд БНХАУ хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон “Бээжин-2022” өвлийн олимпыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.

Тэрбээр 2021 онд тохиосон МАН болон ХКН-ын 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн олон арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ оны сүүлээр болох ХКН-ын XX их хурал өнгөрсөн 100 жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг хийх чухал үйл явдал гэж үзэж байгааг тэмдэглэв.

Мөн МАН-ын XXX их хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргаж, авлига, хүнд суртлыг халах дэвшилтэт улс төрийн нам болохоо зарласныг онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг тэмдэглэв.

Цаашид МАН, ХКН нь Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллах нь хоёр талын хөгжлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын үзэл санааг дэмжиж буйд талархал илэрхийлэв.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд, цар тахлын хүнд үед ч хоёр намын харилцаа тасралтгүй өрнөж, харилцан бие биедээ чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буйг тэмдэглэв.

Ирэх 100 жилд ХКН, МАН-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчээ хадгалж, шинэ агуулгаар тасралтгүй баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ