Товчхон
               

Төмөр замын торыг хэсэгчлэн авсан газрын малыг байршил тогтоох хүзүүвчтэй болголоо

               
2022-01-31 0

Дорноговь аймгийн Өргөн суманд 2 байршилд холбоос нутаг бий болгох зорилгоор төмөр замын торыг хэсэгчлэн авч, тор авсан хэсэгт ойр аж төрдөг иргэдийн малыг байршил тогтоох хүзүүвчтэй болголоо. 

 Энэ сарын 25-27-нд зохион байгуулсан тус ажиллагаа нь “Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төслийг “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгээр урьд хэрэгжүүлж байсан түвшинд хүргэн үргэлжлүүлэхийг зорьж байгаатай холбоотойг ЗТХЯ мэдээлэв. 

“УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлтийг хэвийн, тасралтгүй явуулах, аюулгүй байдлыг хангаж, зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Х.Хэрлэн, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Өргөн сумын Засаг дарга Ц.Мөнхдаваа, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин гарын үсэг зуржээ.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Байгаль хамгааллын захирал Кирк Олсон “Бид хуланг тал хээрт эргэж ирж буйг баримтжуулсан нь дэлхийд зарлах үйл явдал боллоо” хэмээв. Өргөст торноос болж 1955 оноос популяц нь хумигдсан, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан жагсаалтад ховордож болзошгүй ангилалд багтдаг хулан адуу анх удаа буюу 65 жилийн дараа тал хээрт эргэн ирж, Монголын зүүн талын бэлчээрт хүрэх боломжтой болсноор говь-хээрийн экосистемийг дахин холбох эхлэл тавигдсаныг тэрбээр онцолжээ.

Төмөр замын гол шугамын хамгаалалтын өргөст тор нь тал хээрийн тууртан амьтад цагаан зээр, хулан адуу, аргаль хонь, хар сүүлтийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, үхэл хорогдолд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллага, судлаачдын 2013-2018 оны мониторингийн судалгаагаар тогтоожээ.

“Оюу Толгой“ ХХК-ийн санхүүжилтээр БОАЖЯ, ЗТХЯ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), ШУА, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах (CMS) конвенц зэрэг байгууллага хамтран 2019 онд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрчимтэй цэгүүдэд, урьдчилан сонгосон 3 байршилд хамгаалалтын өргөст торыг хэсэгчлэн авах, торны бүтцийг өөрчилж, дээрх байршилд 85 ширхэг хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер суурилуулж байв.

Төслийн ажил нь санхүүжилт, туршилтын хугацаа дууссанаас шалтгаалан түр зогссон ч зэрлэг амьтад төмөр зам хөндлөн гарч буй эсэхийг баталгаажуулах автомат камерын тусламжтай боловсруулсан мониторингийн судалгаагаар аргаль, хар сүүлт, цагаан зээр, хулан адуу төмөр замын тор авсан хэсгээр нэвтэрч байгаа таатай үр дүн гарсан нь “Дэлхийд үнэлэгдсэн 100 төсөл”-ийн нэгээр шалгарчээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг байгуулах тухай” 1949 оны хэлэлцээрийн дагуу манай улсын хойд хил Сүхбаатар өртөөнөөс урд хил Замын-Үүд өртөө хүртэлх 1110 км төмөр замыг барьж 1955 онд ашиглалтад оруулсан. Дээрх төмөр зам нь Ази-Европыг холбосон олон улсын төмөр замын тээврийн гол коридор, ачаа тээврээр Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой салбар ч манай улсын босоо тэнхлэгт биологийн төрөл зүйлийн амьдрах орчны хувьд 2 хэсэгт хуваасан аж. 

Холбоотой мэдээ