БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайд Л.Саянаатай цахимаар уулзав

               
2022-02-01 0

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахимаар уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Л.Саянаа “Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн турш амжилттай хөгжиж ирсэн. Болгар улстай манай улс дипломат харилцаа тогтоогоод 72  жил болж байна. Энэ харилцааг тэлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бүрэн дүүрэн боломж, сонирхол байгаа”-г илэрхийллээ. 

Тэрбээр, “Болгар Улс манай улсын аялал жуулчлалыг маш их сонирхдог. Өнгөрсөн хугацаанд тус улсаас манай улсыг зорьж 300 орчим мянган жуулчин ирсэн байдаг. Гадны улс оронд нэн ялангуяа хавсран суух улс орнууд манай улсыг түүхэн соёл иргэншлээр ерөнхий имижийг нь мэддэг ч орчин үеийн хөгжиж буй улс орон гэдгээр тэр бүр мэддэггүй, мэдээлэл бага байна” гээд БНБУ, хавсран суух улс орон болоод Монгол Улсаас бусад улс оронд суух 48 төлөөлөгчийн газраар дамжуулан Монголын талаарх ойлголт, мэдээллийг шинэчлэн дэлхийд сурталчлан таниулахад хамтран ажиллахыг хүслээ. 

Тус улсын Зочид буудал, ресторан үйлчилгээний газрын эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, агаарын авиа тур компанийн эздийн холбооны удирдлагатай уулзахад аялал жуулчлалын салбараар дамжуулан хоёр орны соёл, түүхэн харилцааг сурталчлах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Мөн худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгэм хамгааллын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Тус улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтныг туршлага солилцуулах, олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагыг оролцуулан эх орноо сурталчлах, Болгар улсын аялал жуулчлалын боловсролд мэргэжилтэн солилцох зэрэг нөөц бололцоо арвин байгааг тэмдэглэжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Өнгөрсөн 7 хоногт БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулж, анхдугаар хуралдаанаа хийлээ. Мөн гадаадын авиа компаниудын удирдлагатай өнөөдөр уулзаж, дэлхийн жуулчид Монголыг зорин ирэх боломж, гарц, шийдлийг ярилцлаа” гээд БНБУ-тай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн шинэ боломжийг дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ