Товчхон
               

Агаарын тээврийнхэн нислэгийн тоог нэмбэл жуулчдын эргэлтийг сайжруулъя гэв

               
2022-02-01 0

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Цар тахлын нөлөөнд өртөж, сүүлийн 2 жилд 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж буй аялал жуулчлалын салбарын 1600 орчим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сэргээх явцыг хурдасгах хүрээнд хуваарийн дагуу ажлын уулзалт зохион байгуулж байгаагийн нэг нь тус уулзалт юм. Уулзалтад оролцсон авиа команиудын төлөөлөл нөхцөл байдлаа танилцуулав.

“Turkish Аirlines” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Али Өздэмир энэ үеэр “Манай байгууллага 2011 оноос нислэгээ эхэлж, 2012 оноос хойш 7 хоногт 3 нислэгтэй байгаа. Нислэгийн тоогоо нэмэх боломжтой. Нислэгийн тоо нэмэх хүсэлтийг 3 жилийн өмнө гаргаж байсан. Манайх дэлхийн олон оронд нислэг үйлддэг компани. Зөвхөн Монгол Улсад нислэгийг суудлын тоогоор хязгаарлаж байгаа. Иймд нислэгийн тоог нэмж, тусгайлсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Европоос зүүн өмнөд Ази, Зүүн өмнөд Азиас Европ гэсэн аяллын маршрутад Монгол Улсыг оруулан аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт хамтран ажиллах боломжтой” гэжээ.

“Korean Air” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чанг Сан Жэ хэлэхдээ, “Цар тахлын улмаас аялал, жуулчлалын салбар багагүй хүндрэл амссан ч Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарч хоёр улсын хооронд дээд хэмжээний уулзалт, хэлэлцээр хийж байна. Эхний ээлжид Монгол, Солонгос улсын хооронд зорчих визийг хөнгөвчлөх талаар хэлэлцэж байгаа”-г дурдаад энэ оны 6 дугаар сараас 9 дүгээр сард нислэгийг 2-3 дахин нэмэх бэлтгэл хийж байгаа”-г онцлов.

“Air Busan” компанийн Монгол дахь төлөөлөгч Д.Баярсайхан “Бидэнд нислэгийн төлөвлөгөө гаргахаас эхлээд мэдээлэл дутмаг байдаг. Иймд нэгдсэн мэдээллээр хангаж, хамтран ажиллах хүсэлтэй” хэмээгээд БОАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд оролцох хүсэлт гаргав. “Эйр Пусан” компанийн хувьд Солонгос-Монгол чиглэлд нислэгийн хамгийн хямд тарифтай учир бизнес эрхлэгч, аялагчид хамгийн их үйлчлүүлдэг гэдгийг дурдлаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс аялал жуулчлалын чиглэлээр ямар бодлого баримтлахаа тодорхой болгож бусад улс орны адил зарлах нь нэн тэргүүний ажил гээд, цар тахлын нөхцөл байдалд гаднаас жуулчин хүлээн авахад бэлтгэх бүх үйл явц нь тодорхой байх ёстой. Эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Визний бодлогоо тодорхой гаргах чухлыг тэмдэглээд, “Монгол Улсын хувьд шууд нислэг үйлдэж буй авиа компаниудтай ойр ажиллах нь зөв. Иймд эхний ээлжид Корэйн Эйр компанийн ерөнхийлөгчийг эх орондоо урьж хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Монгол орны онцлогт тохирсон хамтын ажиллагааны төлөвлөгөө, нислэгийн тооцоо судалгааг байгууллага тус бүрээр гарган, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нээлттэй гэдгээ дуулгалаа. Мөн агаарын тээврийн чиглэлээр нийлүүлэлтийг нэмэх судалгаа хийж байгааг дурдаад, зөвхөн МИАТ гэлтгүй дотоодын нислэг үйлддэг жижиг аж ахуй нэгжийг оролцуулан дэмжинэ гэдгээ онцлов.

БОАЖ-ын сайдын хувьд стратегийн түншлэл бүхий ОХУ, БНХАУ, БНСУ, Турк, Япон зэрэг оронтой ойр ажиллана. Ингэхдээ аялал жуулчлалыг нэмэх эдийн засгийн боломжит орчныг бүрдүүлж, орон нутгийн онгоцны буудлыг шаардлагатай бол ашиглалтад оруулж, тухайлсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна хэмээсэн юм.

БОАЖ-ын сайд уулзалтад оролцсон авиа компанийн төлөөллөөс Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсээд тухайлсан уулзалтыг 2 дугаар сарын 7-ноос эхлэн хийхээр товлосныг БОАЖЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ