
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” яаралтай хуралдан Эгийн голын халианд автаад буй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохоор боллоо.
Эгийн гол өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-наас эхлэн эргээ даван хальжээ. Улмаар халиа гүйж энэ сарын 11-ний байдлаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 30 өрхийн 159, 2 дугаар багийн 3 малчин өрхийн 9 иргэн, 461 толгой мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ. Голын халиа томорсоор өдгөө тус сумын хогийн цэг автаад байгаа аж.
Иймд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг багасгахын тулд хогийн цэгийг шинээр төлөвлөн, нүүлгэн шилжүүлэх, халианд автсан хэсгээс цооног гарган хянах зайлшгүй шаардлага үүссэн тул санхүүгийн эх үүсвэр хүсээд байв.
Хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 197 сая, цооног барихад хэрэгцээтэй 13.6 сая төгрөгийн хүсэлтийг “Орчны бохирдол бууруулах үндэсний хороо” хуралдан шийдсэнийг БОАЖЯ мэдээллээ. Цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг нь яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг халианд автсанаар Эгийн гол бохирдох нөхцөл үүссэн бөгөөд дулаарч мөс гэсэхэд хогийн цэгээр бохирдсон ус Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнг бохирдуулах эрсдэлтэй аж.


0 cэтгэгдэлтэй