Товчхон
               

Израилын Ерөнхий сайд “Лалын улс”, Ираны талаар Ж.Байдентай утсаар ярьжээ

               
2022-02-07 0

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, өнгөрсөн долоо хоногт Сирид явуулсан ажиллагаагаар “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан явдалд баяр хүргэлээ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлжээ.

Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Н.Беннетт, “АНУ-ын хүчнүүдийн эр зоригтой ажиллагааны хүчээр дэлхий улам аюулгүй боллоо” хэмээн хэлснийг мэдэгдэлд уламжилсан байна. Н.Беннетт, Ж.Байден нар мөн Ираны Ойрхи дорнод дахь цэргийн ажиллагаа болон Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хүчин чармайлтын талаар хэлэлцжээ.

Израил, Иран нь “эвлэршгүй” дайснууд бөгөөд Израил 2015 онд Иран, дэлхийн их гүрнүүдийн хооронд байгуулсан олон улсын цөмийн гэрээг сэргээх хүчин чармайлтад санаа зовниж буйгаа илэрхийлсээр ирсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэхүү гэрээнээс 2018 онд улс орноо гаргаснаас хойш уг баримт бичиг зогсонги байдалд орсон байна.

Израилын хувьд анхны гэрээг эсэргүүцэж байсан бөгөөд түүнийг сэргээх аливаа оролдлого нь Ираныг цөмийн зэвсгийн хүчин чадлаа хөгжүүлэхээс нь сэргийлэх хангалттай баталгаа болж чадахгүй гэж үзэж байгаа юм байна. Мөн ийм гэрээ нь бүс нутаг дахь Ираны цэргийн ажиллагаа, Израилд цохилт өгөх чадалтай алсын зайн тусгалт пуужингийн хөгжүүлэлтийг нь зохицуулах ёстой гэж мэдэгджээ.

Ням гаргийн өглөө Н.Беннетт Израил дэлхийн их гүрнүүдийн Ирантай өрнүүлж буй хэлэлцээг анхааралтай ажиглаж байгааг мэдэгдсэн ч улс орноо тэдгээрийн тохиролцсон ямар ч гэрээнд үл хамаарна гэдгийг давтан хэлсэн байна. Тус улсын хувьд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох шаардлага үүссэн тохиолдолд цохилт өгөхөө удаа дараа анхааруулсаар иржээ. Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө энх тайвны зорилготой гэж мэдэгддэг юм.

“Ийм гэрээ нь тогтвортой байдлыг сайжруулна гэж үздэг хэн бүхэн буруу бодож байна. Израилын хувьд гэрээ байсан ч, байгаагүй ч шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах эрхтэй хэвээр байх болно” гэж Н.Беннетт ням гаргийн өглөө мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ