Индонезид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана

               
2022-02-07 0

Индонезид коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсонтой холбоотойгоор нийслэл Жакарта хот болон Бали аралд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахаар болсон талаар тус улсын Далай, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Лухут Панжайтан өнөөдөр мэдэгджээ.

“Шинэ зохицуулалтын дагуу супермаркет, худалдааны төв, зоогийн газрууд 60 хувь, мөргөлийн газрууд 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулна” гэж Л.Панжайтан мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ. Гэхдээ эдгээр арга хэмжээг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэхүү мэдэгдлийг гарахаас хэдхэн цагийн өмнө Индонезийн Тээврийн яам “омикрон” хувилбараас үүдэлтэй халдварын тархалтыг сааруулахын тулд гадаадын жуулчдыг Жакартагийн нисэх буудалд нэвтрэхийг түр хугацаагаар хориглохоор болсноо мэдэгджээ.

Зүүн Өмнөд Азийн тус улсад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, ням гарагт халдварын 36 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн байна. Мөн нийслэлд эмнэлгүүдийн орны 63 хувь нь дүүрчээ.

Бали арлын хувьд сүүлийн хоёр жил орчмын хугацаанд гадаадын жуулчдыг тээвэрлэсэн олон улсын анхны нислэгээ хэдхэн хоногийн өмнө хүлээн аваад байсан юм. 

Холбоотой мэдээ