МАГАТЭ-гийн шинжээчид Фүкүшима станцад очно

               
2022-02-07 0

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчид Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцын цэвэрлэсэн усыг далайд асгах Японы төлөвлөгөөг хянан шалгахаар ирэх долоо хоногт станцад очно гэж тус улсын Засгийн газар даваа гарагт мэдэгдлээ.

Шинжээчид Японд хоёрдугаар сарын 14-18-нд байх хугацаандаа цэвэрлэсэн усыг далайд асгахтай холбоотой аюулгүй байдлыг үнэлэх бөгөөд хоёрдугаар сарын 15-нд Фүкүшима станцад очно гэж Японы Гадаад хэрэг, Аж үйлдвэрийн яамд мэдээлжээ.

2023 оны хавраас эхлүүлэхээр товлож буй энэхүү төлөвлөгөөг БНХАУ, БНСУ болон орон нутгийн загас агнуурын нийгэмлэгүүд эсэргүүцэж байгаа юм.

МАГАТЭ-гийн Цөмийн аюулгүй байдлын асуудал хариуцсан хэлтсийн дарга Густаво Карузогоор ахлуулсан шинжээчид өнгөрсөн 12 дугаар сарын дундуур ирэхээр товлоод байсан ч “омикрон” хувилбар хурдацтай тархах болсны улмаас хойшлуулсан байна.

Шинжээчдийн баг мөн Японы Засгийн газар болон Фүкүшима станцын үйл ажиллагааг хариуцдаг Токиогийн Эрчим хүчний компанийн төлөөлөгчидтэй санал бодлоо солилцоно гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээлжээ. Тийнхүү МАГАТЭ хоёрдугаар сарын 18-нд цахим хэвлэлийн бага хурал хийх ажээ. 

Холбоотой мэдээ