
Монгол улсад бага боловсролд хамран сургалт албан ёсны статистикаар 97.3 хувьд хүрдэг ч тодорхой бүлгийн хүүхдүүд сургуульд элсэхгүй, элссэн ч бага ангиас завсардаж байгааг судлаачид удаа дараа сануулсаар буй ч бодлогын дорвитой арга хэмжээ авахгүй байна. Тэдгээр бүлгийн нэг нь бидний цаашид нэрлэхээр санал болгож байгаагаар “нийгэм-эдийн засгийн статус доогуур өрхийн” хүүхдүүд бөгөөд тэд нийгмийн бүтцийн асуудал болсон ажилгүйдэл, ядуурлаас шалтгаалан сургуулийн гадна байсаар байна.
Монгол Улсад улсын сургуулиуд төлбөргүй боловч хүүхдээ сургуульд явуулахад, ялангуяа сумын сургуульд сургахад гэр бүлээс багагүй нэмэлт зардал шаардагдаж байгаа нь нууц биш, энэ нь уг судалгаагаар ч гарч ирсэн. Эдгээр зардалд сургуулийн засвар үйлчилгээ, анги, танхимийн ширээ, сандал, тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотой зардал, хичээлийн сурах бичиг, дүрэмт хувцас авах зэрэг орж байна.
Нэн ядуу өрх, гэр бүлүүд хүүхдийн хоол, хүнс, хувцас, байр, унааны болон бусад зардлыг төлж чадахгүй байгаагаас хүүхдээ сургуулиас завсардуулах тохиолдол гарч байна. Мөн хот суурин газрын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд сургуульд сурах амьдралын боломжгүй, ядуу айлын хүүхдүүд өмсөх хувцас муутайгаас болоод бусдаас ичиж зовон сургуулиас холддог хэмээн Мянганы хөгжлийн зориултуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний 5 дахь тайланд 2013 онд дурдаж байсан асуудлууд өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байгааг манай судалгаа нотолж байна.
Ядуурал бол зөвхөн орлого, амьжиргааны биш олон хэмжүүртэй асуудал бөгөөд гэр бүл, хүүхдийн сайн сайхан байдал, бие махбод, нийгэм-сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн эрсдэлт хүчин зүйлүүдийг дагуулж байдаг үзэгдэл гэдгийг уг судалгааны дүн харуулж байна.Тэдгээр хүүхдүүд болон гэр бүлд нь амьдралаа сайжруулах чадавх, боломж олгох нь төрийн хүлээх үүрэг ба түүнд хүрэх арга зам болох боловсрол эзэмших эрх тэгш боломжийг тэдэнд олгох явдал билээ.

0 cэтгэгдэлтэй