АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

               
2022-02-09 0

АНУ-ын өргөн хэрэглээний барааны импортын хэмжээ нэмэгдсэнээс болж худалдааны алдагдал нь өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

АНУ-ын бараа, үйлчилгээний худалдааны алдагдал хоёр жил дараалан нэмэгджээ. Өнгөрсөн онд худалдааны алдагдал 26.9 хувиар өсч 859.1 тэрбум ам.долларт хүрсэн гэж АНУ-ын Худалдааны яамнаас мягмар гарагт мэдээлэв.

Өнгөрсөн оныг 2020 онтой харьцуулбал импортын хэмжээ 20.5 хувиар нэмэгдэж, 3.39 их наяд ам.доллар хүрсэн бол экспортын хэмжээ 18.5 хувиар нэмэгдэж 2.53 их наяд ам.долларт хүрсэн байна.

АНУ нь БНХАУ-ын гутал, хувцас, цахилгаан бараа, унадаг дугуй тэр ч бүү хэл гэрийн тэжээвэр амьтдын хоол зэрэг бараа бүтээгдэхүүнд хэдэн арван тэрбум ам.долларын татвар ногдуулсан хэдий ч өнгөрсөн онд БНХАУ-аас их хэмжээний барааг импортолсон хэвээр байжээ.

Үүний зэрэгцээ АНУ-БНХАУ хоорондын худалдаанд АНУ-ын алдагдал 45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 335.3 тэрбум ам.доллар болсон байна.

Холбоотой мэдээ