Цахим дайралтын улмаас олны танил эрхэмүүд амиа хорлож байна

               
2022-02-09 0

Өмнөд Солонгост нийгмийн сүлжээний дайралтад өртсөн олны танил хоёр хүн амиа хорлосны дараа цахим дарамтын эсрэг арга хэмжээ авах уриалгад олон мянган хүн гарын үсэг зуржээ. 

Daejeon Samsung Fire Bluefangs багийн волейболчин 28 настай Ким Ин Хёк болон YouTube-ын од, BJ Jammi нэрээрээ танигдсан стример Чо Жангми нарыг амиа хорлосон гэж үзэж байгаа юм. Тэд хоёул цахим сүлжээнд үзэн ядсан сэтгэгдлүүдийн бай болжээ. 27 настай инфлүэнсер, стример бүсгүй Чо Жангми хоёрдугаар сарын 5-ны өдөр гэртээ амиа алдсан байна. Түүний ах “Жангми олны таагүй сэтгэгдлүүд болон цуу ярианаас болж сэтгэл зүйн хямралд өртөж амиа хорлосон” хэмээж, хуурамч мэдээ цацсан хүмүүсийг шүүхэд өгнө гэжээ. 

Чо Жангми 2019 онд нэгэн бичлэгтээ эрчүүдийг үзэн яддагийг илэрхийлсэн дохио зангаа харуулсныхаа дараа олны дайралтад өртөх болсон байна. 2020 оны тавдугаар сард Чо Жангмигийн ээж мөн амиа егүүтгэсэн талаар Жангми мэдээлж байжээ. Учир нь түүний ээж Жангмитэй холбоотой нийгмийн сүлжээн дэх сэтгэгдлүүдийг хянадаг байсан бөгөөд үзэн ядсан сэтгэгдлүүдээс болж сэтгэлийн хямралд өртсөн тухай хэлж байв. Тэрээр “Ээж минь надаас болж амиа алдсан. Би стример байгаагүй бол тэр хорвоогоос явахгүй байсан” гэж байжээ. Тиймээс өөрийг нь дайрч доромжлохоо зогсоохыг хүсэж байжээ.

Волейболчин “Гуйж байна. Больчих л доо. Намайг олон жил үзэн ядсан сэтгэгдлүүд дагалаа. Цаашид тэвчиж чадахгүй нь” гэж бичиж байв. 

Волейболын тамирчин Ким Ин Хёк өнгөрсөн онд цахим орчны дайралтаас болж сэтгэл санааны хямралд орсон тухайгаа хэлж байжээ. Тэрээр “Гуйж байна. Больчих л доо. Намайг олон жил үзэн ядсан сэтгэгдлүүд дагалаа. Цаашид тэвчиж чадахгүй нь” гэж бичиж байв.  Түүний гадаад төрхийг хүмүүс байнга шүүмжилж, бэлгийн чиг хандлагынх нь тухай цуурч байжээ. 

Ийнхүү олны танил хүмүүсийн үхэл интернэт хэрэглэгчдийг цочроож, бие биеэ цахим сүлжээгээр гүтгэж доромжлохгүй байхыг уриалан, бусдын тухай худал хуурмаг цуурхал тараасан хүмүүст тооцдог хариуцлагаа чангатгахыг уриалсан байна. Уг уриалгад 150 мянган хүн нэгдэж, ​​гарын үсгээ цуглуулжээ.

Уг уриалгыг дэмжигчид “Хурууныхаа үзүүрээр хийсэн үйлдэл чинь нүгэл болж хэд хэдэн хүн амиа алдлаа”,  “Дахин хэлье, таагүй сэтгэгдэл бичигчид бол алуурчид” хэмээн бичсэн байна.

Үзэн ядсан сэтгэгдлээс болж амиа хорлосон явдал Өмнөд Солонгост цөөнгүй тохиолддог аж. Тухайлбал, жүжигчин, дуучин Салли олон жилийн турш онлайн хүчирхийлэлд өртсөний эцэст 2019 онд амиа алджээ. Тус улсад цахим сүлжээнд бусдыг гүтгэж доромжилсон сэтгэгдэл бичсэн этгээдүүдэд гурав хүртэлх жилийн хорих ял эсвэл 30 сая воны торгууль ногдуулдаг байна. 

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост таван жилийн хугацаанд цахим дарамттай холбоотой 75 мянган тохиолдол бүртгэгджээ.  Тэдгээрийн 69.3 хувьд нь шүүхийн шийдвэр гарч, 0.06 хувь буюу 43 хүнийг баривчилсан байна.

Холбоотой мэдээ