
Герман, Франц болон Польшийн эрх баригч нар Европын аюулгүй байдлын асуудлаар бодитой яриа хэлэлцээ хийж, Украиныг тойрсон хурцадмал байдлыг намжаахад нөлөө үзүүлэхийг ОХУ-д уриалжээ.
Энэ тухай ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Польшийн төрийн тэргүүн Анжей Дуда нарын Берлин хотноо “Веймарын гурвал” гэж нэрлэгддэг хэлбэрээр хийсэн хэлэлцээний дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
“Веймарын гурвалын /Герман, Франц, Польш/ төр, засгийн тэргүүн нар Европын аюулгүй байдал болон Атлантын далай дамнасан аюулгүй байдлын бүтцийг бэхжүүлэх хамтарсан хүчин чармайлтад тууштай байгаагаа цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн Берлин, Парис, Варшав “ЕАБХАБ-ын янз бүрийн баримт бичигт” тусгагдсан зарчмуудыг баримталж байгааг онцлон тэмдэглэжээ”.
Мэдэгдэлд цохон тэмдэглэснээр, “гурван улс Евро-Атлантын орон зайд энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Европын Холбооны түншүүд болон НАТО-гийн холбоотнуудтайгаа үйл ажиллагаагаа цаашид нягт зөвшилцөнө”.
Гурван улсын удирдагчид “Украины хил орчмын байдлыг намжаахад нөлөөлж, Европ тивийн аюулгүй байдлын асуудлаар бодитой яриа хэлэлцээ эхлүүлэхийг ОХУ-д уриалжээ”. Үүний зэрэгцээ Шольц, Макрон, Дуда нар “харилцан сонирхсон аюулгүй байдлын асуудлаар бодитой, үр дүнд чиглэсэн хэлэлцээнд бүтээлчээр оролцоход бэлэн байгаагаа мэдэгдлээ”. Тэд “Украины эсрэг Оросын цэргийн аливаа шинэ түрэмгийлэл нь ноцтой үр дагавартай байх болно” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
НАТО нь “батлан хамгаалах, тогтоон барих стратегиа байнга хянаж, аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал дордож, шаардлага гарсан тохиолдолд өөрчлөлт оруулахад бэлэн байх ёстой” гэдэгтэй Канцлер болон Ерөнхийлөгч нар санал нэгджээ.

0 cэтгэгдэлтэй