
Нийслэл Хүрээний Гандан, Зүүн хүрээ болон хороодын газрын зургийг Үндэсний түүхийн музейн “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнд дэлгэсэн нь сонирхолтой, ховор үзмэрийн нэг байлаа.
Хүрээний газрын зургийг 1913 онд Бүгдийг ерөнхийлөн захирах яамнаас монгол бичгээр тайлбарлуулан 4 хувь зуруулснаас Үндэсний номын сангийн архивт хоёрыг нь хадгалж байдаг аж.
Нийслэл хүрээг тоймлон зурсан газрын зургийг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр тайлбарлахдаа, “Энэ зурагт нийслэл Хүрээний 4 гол хэсгийг дүрсэлсэн. Зүүн хүрээ, Гандан гэсэн 2 хэсэгт лам нар төвлөрч байсныг харуулсан. Одоогийн Тасганы овооноос зүүн тийш хятадын 9 гудамж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Тагнуулын ерөнхий газар, Бөмбөгөр орчимд гадаад иргэдийн амьдарч байсан хэсгийг тоймлон буулгасан байна. Мөн Барилгачдын талбай орчимд 1913 онд Оросуудын хүсэлтээр албан ёсоор газар олгосноо нэр ус, газрын хэмжээтэй нь ерөнхийлөн зурагласан. Жишээлбэл, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга Оросын улаан толгойн пүүс нэртэй байсныг дүрслэн зурж. Худалдааны зээл нэртэй энэ гудамж дагууд мод, чулуу, мах, түлээ, төмөр, алт мөнгө зэргийг худалдаалж зардаг байсан” хэмээв.
Богд хаан 1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 1639 оноос хойш монголчуудын оюун санааны төв болон хөгжиж ирсэн Их Хүрээг Монгол Улсын нийслэл хот болгон, нийслэл Хүрээ хэмээн нэрийдэх зарлиг буулгасныг мөн сарын 9-ний өдөр даяар олонд зарлаж тунхаглажээ.
Харин Нийслэл Хүрээг 1924 оны сүүлчээр хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Монгол Улсын нийслэл хот болохыг дахин баталж, нэрийг нь “Улаанбаатар” хэмээн өөрчилсөн юм.
Богд хааны зарилгаар Монгол Улсын орчин үеийн нийслэлийн эрх зүйн байдлыг анх хуульчилж баталгаажуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймд НЗДТГ, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнг танхимаар болон цахимаар энэ сарын 23 хүртэл сонирхох боломжтой.
Маргааш “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг тус музейд нээн, үзэгчдэд хүргэх аж.

0 cэтгэгдэлтэй