Товчхон
               

ЭМЯ: Коронавируст халдварын омикрон хувилбар үхэлд хүргэх эрсдэлтэй

               
2022-02-09 0

Дэлхий даяар омикрон халдварын тархалт эрчимжиж, нууц үе богиносч байгаа нь өвдсөн хүмүүс дахин өвдөх магадлалыг нэмэгдүүлж байгаа гэдгийг ДЭМБ анхааруулж байна. Хэдийгээр омикроны дөрөвдүгээр давлагаа намжиж байгаа ч энэ хувилбар энгийн ханиад биш, зарим тохиолдолд шууд үхэлд хүргэж буйг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Монгол Улсад одоогийн байдлаар омикроны 36 тохиолдол батлагдсан байна. Гэсэн хэдийн ч энэхүү мэдээлэл нь зөвхөн лабораторийн хэмжээнд баталгаажуулсан сорьц юм. Харин эрсдэл өндөр, сэжигтэй кластер тархалтуудад батлагдаагүй омикрон байх эерэг тохиолдол олон бий. Мөн сар шинийн золголттой холбоотойгоор тархалт нэмэгдсэн байх эрсдэл өндөр. Одоогийн байдлаар хоногт батлагдах халдварын тархалтын тоон мэдээ 1000 даваад буй юм. Харин 1-2 долоо хоногийн дараа энэ тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй аж. Учир нь шинжилгээгээр батлагдаагүй ч шинж тэмдэгтэй омикрон байх магадлалтай гэж үзэж буй хүмүүс өрхийн эмнэлэгт хандах нь өдөр ирэх бүр нэмэгдэж буй юм байна. Эдгээр шалтгаанаас үүдэж иргэдийн дунд омикрон хувилбар энгийн ханиадтай ижил гэсэн ойлголт түгээмэл байгаа юм. Эрдэмтэн, судлаачид энэ талаар нэгдсэн мэдээлэл өгч, Covid-19-ийн омикрон хувилбар энгийн ханиад биш гэдгийг анхааруулж байна.

ХӨСҮТ: ХАЛДВАРЫН ТАРХАЛТ, КЛАСТЕР ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

ХӨСҮТ-ийн захирал, доктор Ц.Билэгтсайхан:

-Тохиолдлын тооноос харвал халдварын тархалт буурч байгаа мэт харагдаж байна. Гэсэн ч эрсдэл огт буураагүйг иргэд анхаарах хэрэгтэй. Шинж тэмдэг, хүндрэх магадлал бага байлаа гээд халдварын тархалт хумигдана гэж ойлгож болохгүй. Нийт халдварын батлагдах тохиолдлын ихэнх хувь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна. Омикроны давлагаа дельта болон альфа хувилбартай харьцуулахад нэн хүнд, хүнд хүмүүсийн тоо бага байна. Гэхдээ кластер өвчлөл тархаж байна. Мөн үүнээс гадна томуу, томуу төст өвчний халдвар ихэсч байна. Тодруулбал, зургаан аймаг томуугийн өндөр эрсдэлтэй, 12 аймаг бага, зургаан аймаг алаг цоохор буюу улбар шар түвшинд байна. Халдварын дэглэмээ сахих чухал. Орон нутагт кластер өвчлөлийн тархалт өндөр байгаа учир аль болох халдварын дэглэм сахих хэрэгтэй.

Дархлаажуулалтын тухайд иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Цаашид ч вакцины бүрэн тунд хамрагдахыг хүсч байна. Энгийн ханиад гэж хандаад байвал халдварын тархалт эрчимтэй өснө. Хяналтад байлгахын тулд хүн бүр хичээх хэрэгтэй.

Харин ЭМЯ-наас омикроноос үүдэлтэй Covid-19 хөнгөн, эсвэл хүнд ямар ч хэлбэрээр илэрч болно. Зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай байж болох тул та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж халдвар хамгааллын дүрмээ мөрдөж хэвшихийг анхааруулсан байна. Тодруулбал, вакцин хийлгэх, хүн хоорондын зай барьж, цугларалт, бөөгнөрөлөөс зайлсхийх, амны хаалтыг тогтмол зүүх, өрөө, тасалгааг агааржуулах, ханиалгах, найтаах үед ам, хамраа дарах, гараа ойр ойрхон угааж, ариутгахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ