Товчхон
               

“Nissan” Европ тивд бензин хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээ зогсооно

               
2022-02-09 0

“Nissan Motor” компани автомашин үйлдвэрлэлийн салбар цахилгаан тээврийн хэрэгслүүдийг бүтээх үйл явц руу хурдацтай шилжиж байгаагийн зэрэгцээ Европт хорт утааны ялгарлыг зохицуулах хатуу стандарт хэрэгжих гэж буйтай холбогдуулан тус тивийн зах зээлд зориулан бензин хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээ зогсооно гэдгээ мягмар гарагт мэдэгдлээ.

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ашвани Гүптагийн мэдээлснээр, 2025 оноос хэрэгжих хатуу зохицуулалтуудын хүрээнд Европын хэрэглэгчдэд цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авах нь илүү хямд тусах төлөвтэй байгааг харгалзан ийнхүү шийдвэрлэжээ.

Технологийн салбарын өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед “Nissan” тээврийн хэрэгслүүдээ цахилгаан хөдөлгүүртэй болгох нөөц бололцоондоо түлхүү анхаарахыг зорьж байгаа бөгөөд 2030-аад оны эхэн үе гэхэд гол зах зээлүүддээ нийлүүлэх бүх шинэ тээврийн хэрэгслээ хос юм уу бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Түүнээс Европын зах зээлд нийлүүлэх тээврийн хэрэгслүүдээ 2026 оны санхүүгийн жил гэхэд 75 хувийг нь цахилгаан хөдөлгүүртэй болгож, улмаар 2030 оноос 100 хувьд хүргэхийг зорьж байна.

Цахим хэвлэлийн бага хурлын үеэр А.Гүпта бусад зах зээлд нийлүүлэх бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээ хэзээнээс зогсоох талаар мэдээлэл өгөөгүй нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг харгалзан ийм тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж магадгүй болохыг нь харуулжээ.

Нэгдүгээр сарын сүүлээр “Nissan” компани “Mitsubishi Motors” болон Францын түнш “Renault” компаниудын хамтаар ирэх таван жилд цахилгаан автомашины технологид зориулан 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн юм. Эдгээр компани нь 2030 он гэхэд 35 цахилгаан автомашины загвараа танилцуулахаар төлөвлөж байна.

Гурван талт холбоо мөн цахилгаан хөдөлгүүртэй бүх загварын 80 хувьд нийтлэг платформ ашиглаж, 2028 он гэхэд дараагийн үеийн цэнэг хураагуурыг хамтран бүтээнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ