Товчхон
               

Францын иргэд халдварын улмаас цусаа хандивлах нь багасчээ

               
2022-02-09 0

Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран улсын цусны нөөц багасаж байгаа тул яаралтай цусаа хандивлахыг ард иргэддээ хандан уриалжээ.

“Цусны нөөц урьд нь ийм бага хэмжээнд хүрч байгаагүй. Та бүхэн нэн даруй цусаа хандивлах хэрэгтэй байна” гэж О.Веран “Twitter” хуудсандаа нийтэлжээ.

Францын Цусны банкны мэдээлснээр, цусны нөөц “ноцтой” түвшинд хүрч багасаад байгаа бөгөөд ийм байдал хэдэн өдрийн турш үргэжилбэл өвчтөнүүдэд шаардлагатай эмчилгээг хийж чадахгүйд хүрч болзошгүй байна.

“COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үеэс Францад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдэд цус сэлбэх шаардлагатай болсонтой зэрэгцэн иргэд цусаа хандивлах нь багассанаас шалтгаалан цусны нөөц багасаж эхэлжээ.

“Жилд нэг сая өвчтөнийг эмчлэхэд өдөрт дунджаар 10 мянган хандив шаардлагатай байдаг. Цус, цусан бүтээгдэхүүн нь тодорxой хугацаатай байдаг учир цусны нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж Цусны банкнаас мэдээлсэн байна.

Мөн цусаа хандивлахад эрүүл мэндийн гэрчилгээ юм уу “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсаныг нотлох вакцины гэрчилгээгээ үзүүлэх шаардлагагүй гэдгийг онцлоод, вакцинд хамрагдсан хүмүүс ч хойшлуулахгүйгээр цусаа хандивлах боломжтой хэмээн мэдэгджээ.

Одоогоор хэрэгжүүлж буй халдварын тархалттай тэмцэх арга хэмжээнүүд болон коронавирусний өвчлөл нь доноруудын дунд эргэлзээ төрүүлээд байгааг Цусны банкны мэдэгдэлд дурджээ. Францын Засгийн газар ч мөн төрийн албан хаагчид, анагаахын оюутнуудад цусаа хандивлахыг уриалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ