Монголын санхүүгийн салбарын 87 гаруй хувийг банкны салбар бүрдүүлж байна

               
2022-02-09 0

Монгол Улсын банкны салбарын нийт актив буюу эргэлтийн хөрөнгө 2021 оны эцэст 41 их наяд төгрөгт хүрч, 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг “Мандал ассет менежмент”-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзориг онцлов. “2020 онд валютын хадгаламжийн өсөлт мөнгөний нийлүүлэлтэд нөлөө өндөртэй байсан бол 2021 он гарснаар мөнгөний нийлүүлэлтийн голлох өсөлт харилцах дансны өсөлт бий болгож байна. Харилцах дансны өсөлт банкуудын активын өсөлтийн гол эх үүсвэр болжээ” гэв.

Монголын санхүүгийн салбарын 87 гаруй хувийг банкны салбар бүрдүүлж байна. Салбарын нийт актив 2021 онд 12 хувиар өсөж, 41 их наяд төгрөгт хүрчээ. Системийн нөлөө бүхий банкуудын актив л гэхэд 36 их наяд төгрөгт хүрсэн байна.Банкны актив хөрөнгө гэдэгт иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө ордог.

Банкны активын

  • 33 хувийг ХААН
  • 23 хувийг ХХБ
  • 19 хувийг Голомт банк

тус тус бүрдүүлж байна.

Банкуудын нийт активын тал буюу 21 их наяд төгрөг нь зээлийн багцад байршиж байгаа ба зээлийн багц өмнөх оноос 21.3 хувиар өсжээ. 

Бизнесийн зээлийн дийлэнхийг бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт олгосон бол иргэдийн зээлийн голлох хэсэг нь хадгаламж барьцаалсан зээл байна. 

Тухайлбал, хадгаламж барьцаалсан зээл 3.6 их наяд төгрөг байгаа бол цалин, тэтгэврийн зээл 2.35 их наяд, автомашины зээл 65 тэрбум төгрөг байна.  Эх сурвалж: Мандал ассет менежмент

Эдийн засгийг сэргээх Засгийн газрын хөтөлбөрийн нөлөөтэй холбоотой банкны харилцах дунджаар 46 хувиар өсжээ.

Тухайлбал, төгрөгийн харилцах 2019 онд 3.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 5.7 их наяд төгрөг болжээ. Төгрөгийн хадгаламж мөн 14.9 их наяд төгрөг болж 2019 оны түвшнээс 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.  Эх сурвалж: Мандал ассет менежмент

Банк тус бүрээр авч үзвэл, Хаан Банкны эх үүсвэр 10 их наяд давлаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн 25 хувьтай тэнцэх хэмжээний эх үүсвэр тус банканд байршиж байна. Харин бусад банкуудын хувьд эх үүсвэрээ 100-500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Цэвэр ашгийн үзүүлэлтийг харвал

  • ХААН банкны цэвэр ашиг 291 тэрбум
  • ХХБ 89.6
  • Голомт 22.1
  • Төрийн банк 51
  • Хас банкных 62.2 тэрбум төгрөг байна.

Холбоотой мэдээ